19 ЖИЛИЙН ӨМНӨ БИ МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ О.ЧУЛУУНБАТ АГСАНААС ЭНЭ ӨДӨР БАНКНЫ ЛИЦЕНЗЭЭ ГАРДАН АВЧ БАЙЛАА

pic
12 сарын 27-ны өдөр. Хүний амьдралд яруу тод дурсамжтай, хэзээ ч мартагддаггүй хэдхэн өдөр тохиолддог байх. Миний хувьд тэр нь өнөөдөр яах аргагүй мөн.

19 жилийн өмнө би Монголбанкны Ерөнхийлөгч О. Чулуунбат агсанаас энэ өдөр банкны лицензээ гардан авч, бид Зөв Банкийг албан ёсоор өлгийдөж авч байв.

1998 оны 8 сарын 11-нээс эхлэлтэй Монголын анхны банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөлтэй Хөгжлийн Алтан Сангийн ажил энэ хүрээд зогсож (түр) ХасБанкны түүх бичигдэж эхэлсэн юм. Бид бичил санхүүг утгаар нь Монголдоо нутагшуулж, гадаад санхүүжилтийн үүд хаалгыг Монголын банкны салбарт нээж өгч чадсан. Гарааны, Өсөх, Дэвжих гэх билигтэй нэртэй бизнесийн зээлийн бүтээгдэхүүнийг Х.А.С.-аас өвлөж авсан бол ХасБанкийг үүсгэн байгуулахад нэгдэлд орсон Говийн Эхлэл ББСБ-ын Жижиг Дунд Бизнесийн зээлийг үргэлжлүүлэн олгосон. Харин шинэхэн банк маань Ирээдүйн Саятан гэх хүүхдийн урт хугацааны хадгаламж, Насны Нүнжиг нэртэй тэтгэврийн хуримтлалыг нэвтрүүлж, Зөв Банк гэх содон уриатай Хасын шижигнэсэн залуус банкны маркетингийн хувьд хувьсгал хийж чадсан гэж боддог.

Бидний хийсэн ажлыг олон улсад хүлээн зөвшөөрч, үнэлж 2005 онд НҮБ-ын бичил санхүүгийн жилийн албан ёсны элчээр намайг томилж, дараа жил нь Голландын Хаан болон Хатан Хаанаас өргөмжлөлөө гардан авч байв. Монголын Ипотекийн Корпорацийг банкууд нийлж үүсгэн байгуулах, Зээлийн Мэдээллийн Сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, Монголын Банкны Холбооны ажлыг эрчимжүүлэх ажлуудад бид оройлон оролцож, банк санхүүгийн салбарын орчныг сайжруулах, хүн ардад хүртээлтэй болгох, банкны ажлыг илүү энэрэнгүй, тэгш болгох үйл явцад би зогсолтгүй зүтгэж ирсэн.

Миний хувьд ид залуу насныхаа гал халуун сэтгэлээ энэ банкинд, энэ хамт олонд, энэ үйл хэрэгт 100 хувь шавхаж өгсөн учраас олны дунд намайг Хасын Ганхуяг гэж дуудах нь элбэг юм. Банкнаасаа хөндийрөөд 10 жил болсон ч Ардын гэж овоглох нь ховор юм...

ХасБанк, Хөгжлийн Алтан Санг үүсгэн байгуулж, амжилтанд хүргэхэд надтай хамт ажиллаж, дэмжиж ирсэн нийт хүмүүст, энэ ажилд оролцсон нийт албан байгууллага, хамт олонд талархал илэрхийлж, энэ өдрийн баярын мэндийг хүргэе! Бид чадсан - хамтын хүч үнэн хүчтэй гэдгийг надад яруу тодоор та бүгд харуулсан юм шүү! Баярлалаа!

Санаа Зөв бол Заяа Зөв! Зөв Банк - ХасБанк!

Харин хэдүүлээ одоо нийлж байгаад Зөв Банк - Ард Банктай болж авна шүү!

#GanQuotes

#ArdAcademy

« Буцах