Ганц мод гал болохгүй. Ганц хүн айл болдоггүй.

pic
Ард Санхүүгийн Нэгдэл нь 2005 онд ХасБанкны ажилчдын хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2005 онд 10 төгрөгөөр авсан нэгж хувьцааны үнэ нь өнөөдөр 7 мянгад хүрээд байна. Бид хувьцаа нь хэт хурдтай өссөн тул 2011 онд хувьцаагаа хувааж байв. Өгөөж нь 68 мянга гаруй хувь болоод байгаа бөгөөд 1 сая төгрөгөө манай нөхөд 700 сая болгожээ. Энэ бол хөрөнгийн зах зээлийн гайхамшиг. Мөнгө хүний төлөө өөрөө ажиллаад байдгийн жишээ - за, яах вэ өөрөө биш бид чиний төлөө ажиллуулдаг юм.

Өглөөний мэндээ!

Олон төрлийн хөөсний онолчидод хандаад өнөөдөр нэг хэдэн зүйл хэлье дээ. Манайхан бас сайн тунгаагаад уншаад үзээрэй - бидний цаашдын аялалд хэрэг болж магад.

Ард Санхүүгийн Нэгдэл нь 2005 онд ХасБанкны ажилчдын хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2005 онд 10 төгрөгөөр авсан нэгж хувьцааны үнэ нь өнөөдөр 7 мянгад хүрээд байна. Бид хувьцаа нь хэт хурдтай өссөн тул 2011 онд хувьцаагаа хувааж байв. Өгөөж нь 68 мянга гаруй хувь болоод байгаа бөгөөд 1 сая төгрөгөө манай нөхөд 700 сая болгожээ. Энэ бол хөрөнгийн зах зээлийн гайхамшиг. Мөнгө хүний төлөө өөрөө ажиллаад байдгийн жишээ - за, яах вэ өөрөө биш бид чиний төлөө ажиллуулдаг юм.

Ардын бүрэлдэхүүнд 21 компани албан ёсоор багтдаг. Тэд бүгд нийлж байж Ардын үнэлгээг тогтоодог - Ард Даатгал, Ард Кредит, Ард Лайф, Ард Бит, Монгол Шуудан зэрэг компаниудад хийсэн бидний хөрөнгө оруулалт энд жин дардаг. Манай хувьцаануудын үйл ажиллагаа жигд сайн, ашигт ажиллагаа нэмэгдэж, ногдол ашиг тогтмол хүртээж явдаг тул үнийн өсөлт нь толгой компанийн үнэлгээнд нөлөөлж байгаа. Жишээлбэл, бид Ард Кредитын 50 хувийг анх 600 сая төгрөгөөр авч байв. Ард Даатгалын сүүлийн хэсгийг IPO хийхийн өмнө нийт 7 тэрбумын үнэлгээтэй авсан. Ард Лайф түрүү жилийн эхэнд 10 тэрбумтай байгаад өнөөдөр 30 тэрбумтай болов. Энэ бүх зүйл манай хувьцааны өсөлтөнд бодитоор нөлөөлдөг юм.

Дээр нь АрдКойн, Биткойн, DAX-ын нөлөө цаашид улам бүр нэмэгдсээр байх болно.

Манай нэгдлийн хэмжээнд 40 гаруй тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Ардын хувьд МХБ дээр бүртгэлтэй хамгийн олон компанитай гэдгээрээ онцлогтой. Бид улсдаа анхны бөгөөд цорын ганц хөрөнгө оруулалтын санг ажиллуулж байгаа. Эдгээр хүчин зүйлс нь манай үнэлгээнд тусгалаа бараг олоогүй явсаар байгаа.

Манай харилцагчдын тоо он гарсаар 2 нугарсан бөгөөд Ардын маркетингийн бодлогын хүрээнд тэрхүү харилцагчдад хамгийн багадаа нэг компанийн нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ авахыг бид санал болгохоос гадна тэдэнд хувьцаа эзэмших саналыг тавьсаар ирсэн. Удахгүй Ард Аппаа суулгасан хүний тоо 1 саяад хүрэх болно. Энэ нь манай үнэлгээг улам бүр нэмэгдүүлэх тооцоотой бид зориуд ажиллаж байгаа. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид, шинжээчид байдагсан бол үүнийг үнэлгээнд заавал оруулах ёстой юм. Өнөөдрийн байдлаар тэр нь харагдахгүй байгаа.

Ирэх хэдэн жилүүдэд арилжааны хэд хэдэн банкинд хөрөнгө оруулах бөгөөд нэгийг нь сонгож байгаад стратегийн түвшинд ажиллахаар хэлэлцэж байна. Манай компаниуд хамгийн өндөр хөрвөх чадвартай буюу бэлэн мөнгөний нөөцтэй болсон бөгөөд дараачийн том хөрөнгө оруулалтууддаа зэхэж, мөнгөө нөөж эхлээд байгаа.

АрдКойны хэрэглэгчид 500 мянгад хүрсэн бөгөөд энэхүү тоог нэг сая руу хүргэх аяныг бид зогсоо зайгүй явуулж ирлээ. Нийт АрдКойны тал хувийг бид олон түмэндээ өнгөрсөн 2 жилийн хугацаанд урамшууллаар тараасан бол үлдсэнээс Ард Битэд 1.4 тэрбум, Ард Кредитэд 100 сая, Ард Даатгалд 200 сая, Ард Лайфд 360, Ард Секюритизд 120 сая, Ард Лизингэд 40 сая эргэлдэж байна. 40 гаруй хувь нь л бидний мэдэлд үлдсэн гэсэн үг.

Их мэддэг нөхдийн хэлдгээр 4.8 тэрбум нь блокчэйн дээр манай 5 хаяг дээр харагдах боловч Ард Апп дотроо энэхүү байдлаар задарсан байдаг юм. DAX дээр сүүлийн 2 сарын хугацаанд нийт 2.1 тэрбум АрдКойны арилжаа хийгдсэн байдаг.

Эцэст нь нэг зүйлийг хэлье - чи хэн ч болж болно - гол нь хүнээ алдаж болохгүй шүү, залуусаа. Би араасаа хутга шаалгуулж ханасан хүн. Хэнээс ч дахиад тийм зүйлийг хүлээн авахгүй. Чи урваж байгаа бол миний хувьд чи тэг болж хувирна. Хоосон зай.

Оны өмнө 1,700 дээр мэдэмхийрч бусдыгаа ч, өөрийгөө ч хорлоод заруулчихсандаа уур чинь хүрч байгааг би ойлгож байна. 3,000 хүрэхэд нь өөрөө эхэлж зарангуутаа, манайхаан хөөсөрч байна гээд эргэн тойрныхондоо итгүүлж, асар их хэмжээний алдагдалд найз нөхдөө оруулчихаад шаралхаж байгааг чинь ойлгож байна. Чи алдсан. Бухимдаж байгааг чинь харж байна. Гэхдээ чи өөртөөл дүгнэлт хий - би АвДар гэсэн. Чи одоо зараад зугт гэсэн - чи болоогүй байгаагаа одоо мэдэр. Түүхий, ногооноороо байна. Сурах хэрэг байна гэдгээ ойлго. Тэгээд засрахыг хичээ. Хэт оройтойгүй дээрээ зөв замд ор.

Мэргэжлийн санхүүч, хөрөнгө оруулалтын зөвлөх болох болоогүй байна гэж өөртөө дүгнэлт хий. Тэгээд ав, одоо зар гэдгээ хэлэхээсээ өмнө судал, сур, бодож, тунгааж сур, ном унш, өөрөө өөрийнхөө амьдралыг гайгүй аваад яваад үзүүлчих. Тэгээд олон түмэнд олон юм ярьж эхэл. Би 1991 оноос хойш энэ зах зээл дээр явж байна - өдий хүртэл надтай бизнес хийсэн ганц ч хүн надаас болоод алдагдалд орчихлоо гэж хэлж байгаагүй юм. Яагаад гэдгийг нь сайн бод.

Надаар, миний хийж байгаа ажлаар, үнэт зүйлээр минь даажигнахыг би зүгээр суугаад өнгөрөөхгүй гэдгийг мэд. Би байдаг чадлаараа чамд хариуг чинь хамгийн их мэдрэгдэхээр өгөх болно.

Нэг зүйлийг нэмж хэлье - би энэ компанийг үүсгэн байгуулаад өдий хүрлээ. Хямд байвал бүх хүч чадлаараа хувьцаагаа авна гэдгээ зарлачихдаг. Өнөөг хүртэл би хувийн хувьцаагаа нэг ширхэгийг ч заралгүй явсаар ирлээ. Манай компаниуд бүгд 2021 оныг гартал ганц хувьцаа заралгүй явж ирсэн байдаг. Надад их юм хэрэггүй ээ. Гэхдээ би өөрөө хийж байгаа зүйлдээ 100 хувь итгэж байж, бусдад уриалан дуудах ёстой гэж боддог. 2020 он гарсаар миний хувьцааны тоо хэдээс хэд болж өөрчлөгдсөнийг олж хараарай. Гүтгэхийг хэнд ч зөвшөөрөх боломжгүй тул үнэнийг хүлээн зөвшөөрүүлж байж салах болно.

Ганц мод гал болохгүй. Ганц хүн айл болдоггүй. Би ганцаараа баяжихыг хэзээд зорилгоо болгож байсангүй - бид нийт ардаараа баяр цэнгэлийн манлайд хүрэх болно. Хийж байж сална. Энэ ажил үйлсээсээ ухрахгүй. Хэн ч намайг зогсоох боломжгүй. Яагаад гэвэл бид Хүчтэй. Бид Хамтдаа! #АрдСанхүүгийнНэгдэл

« Буцах