Бага нас, боловсрол
Би нийслэл Улаанбаатар хотод төрж, өссөн. Аав маань машины засварчин, жолооч, ээж нягтлан бодогч байсан. Би гурван хүүтэй айлын ууган хүү ба хүүхэд байхаасаа л сониуч, тэмүүлэлтэй байсан – үргэлж ирээдүйгээ мөрөөддөг. Би бас адал явдалт дуртай, унших дуртай хүүхэд байсан. Гоё машин, сайхан гэр бүлтэй сансрын нисгэгч болохыг мөрөөддөг байсан. Одоо эргээд харахад, сансарт нисээгүйг эс тооцвол би хүүхэд байхад мөрөөддөгөөсөө хавьгүй илүү амжилтыг үзүүлж чадсан байна.
1990-ээд оны эхээр, намайг 17 настай байхад манай гэр бүл наймааны бизнес эрхэлэх болсон. Гэрийнхэн маань Хятад, Сингапураас бараа авч, Монгол зарах, эсвэл Хятадаас бараа авч Оросод зардаг байсан. Энэ бизнес нь манай гэрийнхэнд илүү их орлого орж, ирээдүйдээ хадгаламж үүсгэх бололцоог олгосон.
Ахлах сургуулиа төгсөөд ээждээ би ямар ч их дээд сургуульд элсэхгүй гэж хэлсэн. Би залуу байсан, өөрийгөө хангалттай сурсан, амьдралын талаар хангалттай мэдлэгтэй гэж бодоод их дээд сургуулийн диплом хэрэггүй гэж үздэг байсан. Би санхүүгийн мэргэжлийг сонирхдоггүй байсан, гэхдээ энэ нь мөнгөний талаар хэзээ ч бодож байгаагүйдээ биш, харин эсрэгээрээ байсан. Намайг хүүхэд байхад бид тийм ч их мөнгөтэй байгаагүй, тиймээс ч би мөнгөний тухай байнга боддог байсан. Би их сургуульд сурах төлөвлөгөөгүй байсан тул ээж маань намайг Монголын Хөрөнгийн Биржэд ажиллаж болно гэж бодсон. Би тэнд ажилд орж, ээж ааваасаа хоёр дахин илүү цалин авдаг болсон. Мөнгө олох нь сайхан байсан хэдий ч нэг жилийн дараа энэ ажилд сэтгэл зурхээ зориулж чадахгүй гэдгийг ухаарсан. Би гэр бүлийнхээ наймааны бизнест нэгдэх хүсэлтэй байсан, тэгээд би Хятад, Оросын хооронд бараа зөөх ажилд нь оролцож эхэлсэн. Бид улам илүү мөнгө олж иэхлсэн бөгөөд нэг өдөр Унгар улсаар аялж байхдаа тэнд үлдэж, их сургуульд сурахыг хүссэн. Тэр үед би 19 настай байсан бөгөөд манай гэр бүлийнхэн намайг нэр хүндтэй Корвинусын их сургуульд явуулах боломжтой байсан.