Огноо: 1973 – Одоог хүртэл

Түүх

Би 2003 онд амьдралын хань төдийгүй миний хамгийн итгэлт зөвлөх Уянгатайгаа танилцаж байсан.  Бид 2004 онд гэр бүл болж, 20 настай Хасбазар, 15 настай Данзанбазар, 12 настай Галданбазар, 6 настай Лигдэнбазар гэсэн хөвгүүдээ өсгөж хүмүүжүүлэн, бужигнаж байна.

Хөвгүүд маань маш хурдан өсөн торниж байгаа бөгөөд тэд бүгд намайг өнөөдрийн Ганхуяг болоход хүчтэй нөлөөлсөн.

Том хүү Хасар-Дашдорж энэ жил 24 нас хүрнэ. 1997 оны 10 сарын 17-ний өдөр төрөхдөө харамсалтай нь тэр тархины гэмтэл авсан юм. Эмч нар түүний хувь тавиланг эргүүлсэн алдаа гаргаагүй бол өдийд амьдрал нь одоогийнхоос ямар өөр байх байсныг би төсөөлж байна. Эцэст нь тэр надад санхүү, бизнесийн салбартаа хийж буй ажлуудаараа дамжуулан бусдад туслах урам зориг өгсөн.

Хоёр дахь хүү Хасбазар сургуулиа төгсөөд аавтайгаа болон Ардын олон залуустай мөр зэрэгцэн ажиллаж байгаа бол миний гурав дахь хүү Данзанбазар даруухан, бүрэг хэдий ч шинэ зүйл сурах маш их хүсэл эрмэлзэлтэй учраас маш оюунлаг залуу болон өсөж байна. Галданбазар миний дөрөв дэх хүү маш эелдэг. Тэр үргэлж биднийг ямар байгааг хамгийн түрүүнд асууж, хэрэгтэй үед биднийг тэвэрдэг.  Би хамгийн бага хүү Лигдэнбазарыг “миний хуулбар” гэж хочилдог. Тэр хэдий зургаахан настай ч бид хоёр ижил төрх, яриа, алхаатай. 

Ээж маань миний амьдралын маш чухал хүмүүсийн нэг. Түүнгүйгээр би өдий зэрэгт хүрэхгүй байх байсан. Би түүнтэй аль болох их уулзахыг хичээж, хүүхдүүдтэйгээ тэдний гэрээр зочилж, хамт өдрийн хоол иддэг. 

Нөлөө

Хүүхдэдээ боломж олгож, амьдралынхаа туршид сонголтоо хийх эрх чөлөөг олгох ёстой. Гэхдээ миний хүү Хасар-Дашдорж болон энэ хорвоогийн бусад олон хүүхдүүдэд ийм боломж хэзээ ч бүрэн олдохгүй. Түүнийг энэ хорвоод ирснээс хойш би амьдралынхаа чухал цаг хугацааг эмзэг бүлгийн хүмүүст туслахад чиглүүлэн,  ухамсартай шийдвэр гаргасан. Энэ дэлхийн хүн бүр сонголтоо хийх эрхтэй байх ёстой гэдэгт би итгэдэг бөгөөд тэр бол миний улс орон, түүний иргэдэд эерэг нөлөө үзүүлэхийг хичээж байгаа шалтгаан юм.

Би сайн аав байхыг хичээдэг, хүүхдүүддээ зөв бурууг зааж сургадаг. Би тэднийг өсөж торниж, хариуцлагатай, тууштай, үнэнч шударга хүмүүс болоосой гэж хүсэж байна. Би тэдэнд эхлүүлсэн зүйлээ үргэлж дуусгахын чухлыг заадаг. Мөн тэднийг эх орныхоо төлөө зүтгэж яваа бахархалтай Монгол хүн байгаасай гэж хүсдэг.

Олон хүмүүст ханьтайгаа цуг ажиллахад хүндрэлтэй санагддаг гэдэг, харин миний Уянга бол миний хамгийн сайн зөвлөх бөгөөд би түүний үзэл бодолд үргэлж итгэдэг. Тэр бол миний хамтрагч ба амьдралын хань. 

Ээж маань миний хувьд баатар. Аав маань залуудаа нас барах үед ээж маань дөнгөж 40 настайдаа 3 хүүхэдтэйгээ ганц бие үлдсэн. Тэрээр маш олон хүнд хатуу зүйлсийг туулсан, гэвч намайг болон дүү нарыг маань өндөр боловсрол эзэмшүүлсэн. Бэрхшээлүүдтэй тулгарахын хэрээр тэр үргэлж тууштай, үнэнч, хүчтэй хэвээр байсан бөгөөд эдгээр чанарууд миний хүүхдүүдэд нөлөөлнө гэж найдаж байна. Энгийнээр хэлэхэд тэр бол миний үлгэр дуурайлал, баатар. 

Би амьдралаа гэр бүл, үр хүүхдүүдгүйгээр төсөөлж чадахгүй. Тэд бол миний том мөрөөдөж, зорилгодоо хүрдгийн гол шалтгаан. Би тэднийг надаар бахархаасай гэж хүсдэг, тэдэнд эерэг үлгэр дуурайлал үзүүлж байна гэж найддаг.