Огноо: 2010 – 2012
Оролцоо: Сангийн Дэд Сайд, Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч

Түүх

2009 онд би Чоно Эдийн Засаг гэх нэршлийг зохиож, хурдацтай хөгжиж буй Монголын эдийн засгийг дүрсэлсэн. Монголыг зүүн өмнөд Азийн Бар эдийн засгуудаас ялгах нь миний хувьд чухал байв. Учир нь бид тэдэнтэй тийм ч адил биш. Нөөц бололцоо, дэд бүтэц, хүн амын хувьд ялгаатай. Чоно бол хүчтэй, тэсвэр хатуужилтай, бие даасан байдгаараа манай эдийн засгийг илүү сайн төлөөлж чадна гэж бодсон.

Би үргэлж Чоно эдийн засгийг бүтээх зорилго тавьж ирсэн болохоор 2009 онд улс төрд орж, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллан, жилийн дараа Монгол Улсын Сангийн Дэд Сайд болж байв.

Би Сангийн Дэд Сайдаар ажиллах хугацаандаа буюу 2010-2012 онд Монголын Эдийн Засгийн гурван чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан нь улс орны бизнес, эдийн засгийн чухал тоглогчдыг нэг дээвэр дор цуглуулж чадсан чухал үйл явдал болж байв. Мөн тус чуулганууд нь бодлого боловсруулагчид болон хувийн хэвшлийн хоорондын харилцааг ихээхэн дэмжсэн юм.

Мөн Сайдаар ажиллах хугацаандаа тухайн үеийн 150 мянган гишүүнтэй Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгчөөр ажилласан. Тэр үед бидний эхлүүлсэн зарим санаачилга засгийн газрын хэрэгжүүлсэн оюутан цэрэг хөтөлбөрийн суурийг тавьсан юм. Тус хөтөлбөрийн хүрээнд оуютан залуус зуны амралтаараа цэргийн үүрэг гүйцэтгэх байдлаар хугацаат цэргийн албаа дүйцүүлэн хаах боломжтой болж байлаа.

Нөлөөлөл

2011 онд сангийн дэд сайдаар ажиллаж байсан миний бүрэн эрхийн хугацаанд Монголын эдийн засаг 17.4 хувиар өссөн нь тухайн жилдээ дэлхийд хоёрт орж, манай эдийн засаг түүхэн дээд цэгтээ хүрсэн. Энэ өсөлт нь олон улсын анхаарлыг ихээхэн татаж, бусад орны хөрөнгө оруулагчид бидэнтэй хамтран бизнес эрхлэх сонирхлоо илэрхийлж байсан юм. Монгол Улсын ид хөгжил цэцэглэлтийн энэ үеэр би Чоно эдийн засгаа хөгжүүлэх чухал алхмуудыг мөн хийсэн.

Мөн АНУ-ын “Teach for America” хөтөлбөртэй төстэй санаачилгыг хэрэгжүүлэх талаар олон жил бодож явсан нь 2021 оны зун биеллээ олсон юм. Ард Санхүүгийн Нэгдлээс оюутнуудад хөдөө орон нутагт санхүүгийн боловсролыг хүртээмжтэй түгээх Илгээлтийн Эзэд төслийг эхлүүлж нийт 300 гаруй оюутан оролцож, Монгол орны 21 аймаг, 330 сумдад санхүүгийн боловсролыг түгээж ажилласан. Оюутнууд орон нутагт суугаа иргэдийн санхүүгийн мэдлэгийг тэлэх ажлыг хийж, цалинтай дадлага хийсэн нь тэдний хувьд зуны амралтаа үр ашигтай өнгөрүүлэхэд тусалсан юм. Энэхүү санаачилга нь Монголын хүн ам багатай бүс нутагт хүмүүсийг ая тухтай амьдрахад тусалж, хөдөө орон нутагт шинэ амьдрал авчрахад эерэгээр нөлөөлөхийг зорьсон юм.