Компани: Ард Санхүүгийн Нэгдэл
Огноо: 2012 – Одоог хүртэл
Албан тушаал: Үүсгэн байгуулагч болон Гүйцэтгэх Захирал

Түүх

2005 онд би ХасБанкны Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байхдаа И Ай Ти гэх ажиллагсдын хөрөнгө оруулалтын санг үүсгэсэн юм. Энэ сан хөгжиж, өргөжин тэлсээр одоогийн Ард Санхүүгийн Нэгдэл ХК болсон түүхтэй. Ажиллах бүхий л цаг хугацааныхаа турш бизнесийн бусад шийдвэрүүдийг гаргадагтай ижил шалтгаанаар Ард Санхүүгийн Нэгдлийг үүсгэн байгуулсан. Би хөрөнгийн дахин хуваарилалтад итгэдэг бизнесмэн, банкир, капиталистын хувьд дэлхий дахинд нөлөө үзүүлэхийг хүсдэг. Хувь хүнийхээ хувьд, амьдралаа шинэ,  сонирхолтой туршлагаар дүүрэн байгаасай гэж хүсдэг бөгөөд Ард Санхүүгийн Нэгдлийг байгуулах, удирдан жолоодох нь надад ийм боломжийг олгодог юм. 

И Ай Ти компани үүсгэн байгуулагдсанаасаа хойш нилээдгүй өргөжин тэлсэн. 2007 онд Монголын хамгийн анхны тэтгэврийн хуримтлалын компанийг (одоогийн Ардын Тэтгэврийн Данс) үүсгэн байгуулсан бол түүнээс хоёр жилийн дараа бид Монет Капитал гэх үнэт цаасны компани, одоогийн Ард Секюритиз ҮЦК-ийг эгнээндээ нэгтгэж чадсан.

И Ай Ти компани өсөж, хөгжихийн хэрээр түүнийг илүү том холдинг компани болгох бололцоог олж харсан учраас 2013 онд нэрээ албан ёсоор Ард Санхүүгийн Нэгдэл болгон өөрчилж, стратегиа шинэчилсэн. Ингэснээр Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани болсон юм.

Түүнээс хойш бид төрөл бүрийн зохицуулалттай салбарт үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй компанийг нэгтгэсэн бөгөөд тэдгээрийг салбартаа тэргүүлэгч компани болгож хөгжүүлэхийг зорин ажиллаж байна. Ингэхдээ бид бүх компанийхаа үйлчилгээг Ард гэх нэг платформ дор нэгтгэхийг хичээдэг.

Бид одоогоор зах зээлд нилээдгүй олон бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлээд байгаа ба үүнд: Ард Даатгал, Ард Кредит, Ард Актив, АрдКэш, Ард Апп, АрдШоп, DAX болон Монголын хамгийн анхны криптовалют АрдКойн багтаж байна. Мөн бид Монгол Шуудан ХК-ийг хувьчлагдах үед тодорхой хувийг худалдан авсан билээ.

2020 онд, Ард Кредит Монголбанкнаас цахим мөнгөний зөвшөөрөл авсан бол Ард Санхүүгийн Нэгдэл болон холбогдох нээлттэй компаниуд Монголын Хөрөнгийн Биржийн ТОП 20 индексэд багтсан бөгөөд Ард Кредит 100 гаруй улс руу шилжүүлэг хийх боломжтой, олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг Монгол Шуудантай хамтран амжилттай нэвтрүүлсэн.

Бүхий л төрлийн санхүүгийн үйлчилгээг Ард Аппаар авах боломжтой болгосон нь манай баг хамт олны бүтээсэн хамгийн том амжилт гэж үздэг.

Нөлөөлөл

2019 оны 12 сараас эхлээд АрдКойны үнэ цэнэ 300 дахин өссөн ба одоогоор 3 сая хүн амтай улсын 1 сая нь буюу гуравны нэг нь АрдКойны хэрэглэгч болсон байна. АрдКойн нь коронавирусын халдвараас үүдэлтэй эдийн засгийн хямрал үүсэхэд хүмүүст тус дэм болсон урамшууллын хөтөлбөр юм. Харилцагчид хөл хорионы үеэр үнэгүй цуглуулсан болон хямд ханшаар худалдан авсан койноо арилжаалан мөнгө олох боломж бүрдсэн нь цар тахлын үед нэмэлт орлого болж, тэдэнд маш ихээр тусалсан тухай олон хэрэглэгч талархлын сэтгэлээ илэрхийлж байсан юм. 

Карьерынхаа туршид санхүүгийн үйлчилгээг бусдад илүү хүртээмжтэй болгохыг зорин ажилласан. Ард Аппын тусламжтайгаар харилцагчид маань санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон. Үүнд, хадгаламж, хөрөнгө оруулалт, даатгал, крипто арилжаа болон онлайн дэлгүүр зэрэг үйлчилгээнүүд багтана. Товчхондоо, Ард Апп нь Ардын бүх бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дор багтаасан бидний супер Апп бөгөөд одоогоор 1.3 сая гаруй хүн татаж аван, өдөр тутмын санхүүгийн хэрэгцээндээ ашиглаж байна.

Ард Санхүүгийн Нэгдэл нь нийгэмд эерэг нөлөө үзүүлэх олон төсөл, хөтөлбөрүүдийг ивээн тэтгэж, зохион байгуулдаг. Үүнд: Тусгай хэрэгцээт сургуулиуд руу чиглэсэн хүмүүнлэгийн ажлууд, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг дэмжих, мөн “NO ONE LEFT BEHIND. TOGETHER.” төслүүд багтаж байна. Уг төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байрны эрх тэгш бололцоог олгох, компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгохын зэрэгцээ санхүүгийн мэдээллээр хангахад чиглэсэн юм.