Огноо: 2006 – Одоог хүртэл

Түүх

Би бүх төрлийн спортод дуртай. Тухайлбал, сагс, хөлбөмбөг, гольф, цана гэх мэт. Спорт хүний оюун санаа, бие махбодыг эрүүл байхад тусалдаг. Би багаасаа л сагс тоглож өссөн. Зургаан настайгаасаа л тоглож эхэлсэн, жар хүртлээ тоглоно гэж хошигнох ч үе бий. 

Миний бие 2004 онд ХасБанкинд байхдаа Монголын Сагсанбөмбөгийн холбоонд Хасын Хүлэгүүд багийг үүсгэж байв. Хасын Хүлэгүүд бол юу ч үгүйгээс босгосон мэргэжлийн баг. Хүлэгүүд маань үндэсний аварга болж, нийт 4 удааялалт байгуулсан юм. Үүний дараа, 2013 онд надад Монголын Сагсанбөмбөгийн холбоог удирдах санал ирсэн. Миний санаачилсан бас нэгэн хөтөлбөр болох Дуулиан 2020-той холбоотойгоор хийсэн ажлуудаараа би ихэд бахархдаг.

2006 онд ХасБанкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед Германд хөлбөмбөгийн дэлхийн аварга болсон ба Дэлхийн аваргын тоглолт Монгол Улсад шууд дамжуулагдсан  анхны тохиолдол болж байв. Монгол улсад хөлбөмбөгийг сурталчлах зорилгоор шууд дамжуулалт болон холбогдох арга хэмжээнүүдийг ивээн тэтгэсэндээ баяртай байдаг. Хөлбөмбөг Монголд тийм ч алдартай спорт байгаагүй хэдий ч тус арга хэмжээ нь нилээдгүй амжилтыг дагуулж чадсан. Үүний дараа Дуулиан 2020 үүсэж байв.

Дуулиан 2020 тэмцээн нь Монголын бүх сургуулиудыг хамруулсан өсвөр үеийнхний хөлбөмбөгийн үндэсний лиг бөгөөд хүүхдүүд хөл бөмбөг тоглож сурсан, багаар ажиллахын үнэ цэнийг мэдрүүлсэн юм. Бид 2006 онд уг ажлыг эхлүүлэхдээ 2020 он хүртэл 15 жил ивээн тэтгэхээр төлөвлөж, залуучуудын спортын санаачилга амжилтад хүрч болдгийг Улсдаа харуулахыг зорьсон.

Цар тахлаас үүдэлтэйгээр тус хөтөлбөр нь нэг жил сунгагдаж, 2021 онд өндөрлөөд байна. Дуулиан 2020 төслөө амжилттай хаагдсанд би ихэд баярладаг, яагаад гэвэл бүхэл бүтэн 15 жилийн хугацаатай төслөө гайхалтай дуусаасай гэж хүсэж байсан. Цаашид Дуулиан 2020 нь шинэ нэр, шинэ удирдлагатайгаар залуучуудад хүртээмжтэй хэвээр үргэлжлэх ажлыг Үндэсний хөлбөмбөгийн холбоо 2022 онд эцэслэж, 2030 он хүртэл сунгахаар төлөвлөж байна.

Нөлөө

Дуулиан 2020-д нийт 3,000 гаруй хүүхэд тоглож, тухай бүртээ телевизээр шууд дамжуулагдсан бөгөөд үндэсний хэмжээний арга хэмжээ болсныг илтгэж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар үзэхийн зэрэгцээ маш олон компаниуд ивээн тэтгэсэн юм. Тус лигт тоглосон нилээдгүй олон хүүхдүүд одоо мэргэжлийн түвшинд хөлбөмбөг тоглож байна.

Залуус, хүүхдүүдийг спорттой нөхөрлүүлэх нь урт хугацаандаа эерэг нөлөөтэй гэдэгт би итгэдэг. Спорт хүүхдийг биемахбодь, сэтгэл санааны хувьд эрүүл байхад тусалдаг бөгөөд үүний зэрэгцээ хүүхдүүд багаасаа бусадтайгаа баг болж ажиллах ойлголттой болдог.  

Хүүхдүүд өсөхийн хэрээр амьдралын бүхий л цаг үед багаар ажиллахын үнэ цэнийг ойлгож эхэлдэг. Бид хэдий чинээ чанартай багийн тоглогчидтой байна, улс оронд төдий чинээ сайн байх болно.