Огноо: 1999 – Одоог хүртэл

Түүх

Би орлогын дахин хуваарилалтад итгэдэг хүн. Иймээс банкны үйлчилгээ авах боломжгүй хүмүүст санхүүгийн үйлчилгээ олгодог бичил санхүүгийн салбараас ажлын гараагаа эхэлсэн.

1999 онд Монголын хамгийн анхны бичил санхүүгийн байгууллагын Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байхад Санхүү, Эдийн Засгийн Дээд Сургуулийн оюутнуудад сургалт хийх урилга ирсэн юм. Миний зүгээс бичил санхүүгийн талбарыг оюутнуудын хувьд тааламжтай ажил, сонгох боломжтой мэргэжил гэдгийг харуулах зорилго тавин тийш очсон. Бичил санхүү нь мөнгө, нэр хүндийн төлөө бус, хүмүүст чинээлэг амьдрах, тэгш боломжийг олгох явдал гэдгийг тэдэнд ойлгуулахыг хүссэн. Оюутнуудын ихэнх нь төгсөхдөө томоохон банкуудад ажиллах хүсэлтэй бөгөөд бичил санхүүгийн салбарыг сонголт гэж үздэггүй байлаа. Гэсэн хэдий ч, ХасБанк амжилт үзүүлэхийн хэрээр дотоод, гадаадад бидний тухай ярьж эхэлсэн. Бичил санхүүгийн талаарх ярилцлагуудыг маань санхүүгийн хэвлэлүүд болон нийтлэгчид эшлэх тохиолдлууд олширч, ХасБанкны тухай ярихын хэрээр бидэнтэй цуг ажиллах хүсэлтэй хүмүүс нэмэгдсээр байсан юм. Мөн олон улсын анхаарлын төвд орохын хэрээр санхүүгийн томоохон арга хэмжээнүүдээс намайг бичил санхүүгийн талаар илтгэл тавих хүсэлтүүд ирдэг болов. Эдгээр арга хэмжээн дээр зарим үзэгчдийнх нь амьдралдаа анх харсан Монгол хүн нь би байх тохиолдлууд ч гарч байв.

Нэгэн арга хэмжээн дээр ирсэн хүсэлтийн дагуу Франкфуртын Санхүү, Менежментийн Сургуулийн Зуны Академид 2004 оноос лекц уншиж эхэлсэн. Мөн 2005 онд Харвардын Бизнесийн Сургууль надаар илтгэл тавиулахаар урьж байлаа. Энэ нь миний хувьд маш том нэр хүндийн хэрэг болсон бөгөөд тус Бизнесийн Сургуульд илтгэл тавьсан анхны Монгол хүн болж байв.

Заах, сургах байдлаар үлгэрлэн манлайлагч байх нь чухал гэж боддог учраас нийгмийн сайн сайхны төлөөх олон улсын байгууллагуудтай холбоотой байж, зохион байгуулсан арга хэмжээнүүдэд нь идэвхтэй оролцдог. 

2009 онд Дэлхийн Эдийн Засгийн Форумын Нийгмийн энтрепренёршипын дахин төлөвлөлтийн санаачилгын гишүүн болж, мөн тус онд Дэлхийн Эдийн Засгийн Форумын Залуу Манлайлагчдын нэгээр сонгогдсон. Энэхүү туршлагадаа үндэслэн, 2011 онд Улаанбаатар Глобал Шэйперс нийгэмлэгийг үүсгэн байгуулсан билээ. Би Global Dignity – Нэр төрөө эрхэмлэх олон улсын байгууллагыг дэмждэг учраас 2010 оноос хойш Монгол Улс дахь “Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр” хөдөлгөөнийг удирдан ажиллаж байна. 

Нөлөөлөл

Франкфуртын Санхүү, Менежментийн Сургуулийн Зуны Академид багшилж байхдаа хэн нэгний амьдралд бид өөрчлөлт авчирч чадна гэдгийг оюутнууддаа үргэлж захидаг байсан. Тэдэнд: “Санхүү бол хүнд өөртөө итгэх итгэлийг олоход туслах хэрэгсэл” гэж үзэхийг заадаг байсан. Учир нь ингэснээр хүн сэтгэлгээгээ өөрчилж, эцэст нь аз жаргалтай, бүрэн дүүрэн амьдрах боломжтой болох юм.

Оюутнууд маань мөн амжилтын нууц юу болохыг надаас асуудаг байсан. Амжилттай, аз жаргалтай, баян болох нууц түлхүүр нь юу вэ? гэж. Миний тэдэнд өгдөг байсан зөвлөгөө бол юун түрүүнд хүн өөрийгөө болон зорилгоо олох хэрэгтэй. Бас чи заавал их ажиллах шаардлагагүй, мөн бага ажиллах хэрэгггүй, гэхдээ өдөр бүр тогтмол ажиллах хэрэгтэйг захьдаг байв. Бүх лекц дээрээ: Зорилголтой бай, Зоригтой бай, Зогсолтгүй бай гэж оюутнуудад уриалдаг. Хүүхэд, залуус бол бидний ирээдүй учраас би тэдэнд мэдлэг, боловсрол олгохыг чин сэтгэлээсээ хүсдэг.

Багшлах болон бусад сайн дурын ажлууд маань миний эрхэлж байгаа үндсэн ажилтай эн тэнцүү хэмжээний эерэг нөлөөллийг нийгэмд авчирдаг гэдэгт би итгэдэг. Хүмүүст одоо тусалснаар, ирээдүйд илүү том эерэг давалгааг бид үүсгэх боломжтой.

Миний туйлын мөрөөдөл бол ядуу улсын баян иргэн байх биш, харин баян улсын жирийн иргэн болох явдал юм. Миний бүтээсийн бүхий л зүйлс үүн рүү чиглэсэн.