Ч.ГАНХУЯГ МӨНГӨ ШИЛЖҮҮЛСЭН ЗАЛУУЧУУД ТУС БҮРТ 20 ШИРХЭГ ХУВЬЦАА ӨГӨХӨӨР БОЛЖЭЭ

pic

Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Хэвлэх үйлдвэрийн барилгыг хамтран худалдаж авахаар мөнгө шилжүүлсэн залуучуудад талархлаа илэрхийлж тус бүрт нь Ард Санхүүгийн Нэгдлийн 20 ширхэг хувьцааг өгөхөөр болжээ. Мөн мөнгийг нь буцаан шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа юм байна. Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өөрт нь итгэл хүлээлгэсэн хүмүүст ийнхүү бэлэг барьж буйгаа дуулгалаа.

Тэрбээр "Монголын өмч хувьчлалын түүхэнд их сонин үйл явдал болсон. Олон нийт маш өргөн хүрээнд хүлээн авсан. Хугацаа их давчуу байсан болохоор бид явцын дунд шийдвэр гаргаад яваад байсан. Цаг хугацаа амжихааргүй болсон учраас хагас сайны өглөөнөөс мөнгөө шилжүүлж эхэлсэн. Хэн ч тооцоолж байгаагүй их хүмүүс бүртгэлээ хийж, мөнгөө тушаасан. 

Дуудлага худалдаа болж үйл явдал яаж өрнөснийг та бүхэн харсан байх. Бид дуудлага худалдаанд орж амжаагүй. Даваа гарагийн 9.00 цагт ажил эхлэхээр бичиг баримтаа нотариатаар баталгаажуулж, үүдэн дээр нь дэнчингийн материалаа хийх болоход амжаагүй. Үүндээ хүлцэл өчиж байна. 

Хувьчлал амжилттай явагдсан. Мэдээж хэрэг мөнгөө тушаах, тэр мөнгө нь цэвэр мөнгө үү, хаанаас орж ирсэн мөнгө вэ гэдэг шалгалтууд хийгдэх ёстой. Мөнгөний эх үүсвэрийг сайн шалгах хэрэгтэй. Төр нь өөрөө буруу мөнгө авч болохгүй. Дэлхийн геополитик ийм байгаа үед улс даяараа санхүүгийн асуудалд орж болохгүй. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх маш олон хууль гарчихсан. Тэр мөнгө нь татвараа төлчихсөн, цэвэр мөнгө байх ёстой. Энэ бол хувьчлалтай холбоотой асуудал.

Үүнээс гадна надад итгээд мөнгөө шилжүүлсэн залууст бид Ард Санхүүгийн Нэгдлийн 20 ширхэг хувьцааг бэлэглэх шийдвэрийг өчигдөр манай ТУЗ гаргалаа. Энэ хүмүүсийн итгэл, зүтгэлийг мялааж байгаа хэрэг юм. Үүний үр дүнд Монголчууд өөрсдөө банк санхүүгийн байгууллагынхаа хувьцааг эзэмшдэг, үйлчлүүлдэг болно. Хөрөнгийн зах зээл хөгжүүлнэ гэж 25 жил ярьлаа. Одоо ярьдаг биш хийдэг болъё. Хөрөнгө оруулагч үндэстэн болъё" гэв. 

Эргэн сануулахад, Ч.Ганхуяг Хэвлэх үйлдвэрийн барилгыг олон нийттэй хамтран худалдаж авах санаачилга гаргасан ч өчигдөр болсон дуудлага худалдаанд оролцоогүй юм. Энэ тухайгаа олон нийтийн сүлжээгээр мэдэгдэхдээ "Энэ удаагийн газар хувьчлалын тендерт бид оролцох боломжгүй боллоо. Иймд тохирсон ёсоор та бүхний халуун сэтгэл, хязгааргүй их итгэл шингэсэн мөнгийг эргүүлэн шилжүүлж өгөх ажлыг эхлүүлж байна" гэсэн билээ.

« Буцах