ХҮМҮҮС АМЬДРАЛЫНХАА ТУРШ НЭГ ТОМ ОРГИЛ АМЖИЛТЫН ОРОЙ ДЭЭР ГАРАХЫГ ХҮСДЭГ. ХАРИН БИ 30 ТОМ ОРГИЛ ДЭЭР ГАРАХЫГ ХҮСЭЖ БАЙНА

pic

Ж.Тэгшжаргал

I

Туйлын үнэн гэж байдаггүй. Хэрэв хүн өөрийн үнэнийг тунхаглаж чадахгүй бол бусдын үнэнийг дагахаас аргагүй болно. Энэ амаргүй. Амаргүй учраас цөөн хэсэг нь жим гаргаж, дийлэнх нь түүнийг даган алхдаг буюу. Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг бол тэр цөөхний нэг. Хэрэв та түүний намтрыг уншвал олон олон салаа жимийн эхэн дээр буйг нь харах болно. Тэр Монголын хамгийн анхны банк бус санхүүгийн байгууллагыг бий болгож, СЕО клубыг байгуулан, анхны ерөнхийлөгчөөр нь ажиллаж, Монголын эдийн засгийн форумын тулгын чулууг өрөлцөж, “Дуулиан-2020" хөлбөмбөгийн тэмцээнийг санаачилж, одоо харин монгол хүн бүрийг хөрөнгө оруулагч болгох том зорилготой Ард Санхүүгийн Нэгдлийн толгойд зогсож байна. “Хүмүүс амьдралынхаа турш нэг том оргил амжилтын орой дээр гарахыг хүсдэг. Харин би 30 том оргил дээр гарахыг хүсэж байна” гэж түүнийг хэлэхэд энэ нь уран зөгнөл, хэтийдсэн мөрөөдлөөс ондоо зүйл болох нь илэрхий байв. Өөрөөр хэлбэл биелэх мөчөө хүлээж буй бодит байдал шиг санагдаж билээ.

“Өнгөт хэвлэл”-ийн хоёрдугаар давхарт байх бараг шалнаасаа тааз хүрсэн цонхтой, минимал засалтай өрөөнд ярилцлага авахаар ороход гадаа аадар шаагисан хэвээр байв. Замдаа би баахан норсон боловч удаан хүлээсний гомдол тайлагдах шиг цаанаа нэг тэнүүн байлаа. Харин тэр борооны хүн биш аж. “Бороо орж, байгаль дэлхий сэргээд, үнэр униар нь цоргиод ирэх нь сайхан л даа. Гэхдээ би хөх тэнгэр, нараа харж, түүнээс цэнэг авдаг хүн. Гадаадад, ялангуяа Европт бүүдийсэн тэнгэрийн дор хэдэн өдөр явбал энергийн түвшин аяндаа доошилно. Бас би гадаа биеийн тамир хийж, спортоор хичээллэх дуртай болохоор бороо надад саад болдог. Гольф, хөлбөмбөг тоглож болдоггүй. Мотоцикл унаад давхихад ч амаргүй. Үгүй ядаж гүйхэд хэцүү” хэмээн учирлав. Бид “Улаанбаатар” марафон эхлэхээс хоёр хоногийн өмнө уулзсан бөгөөд ярилцлагын урьд цаг агаарын мэдээний хоёр ч аппликэйшнийг харьцуулж харахад хоёул 18.00 цаг хүртэл бороо орсон хэвээр байхыг зааж байлаа. Энэ өдөр тэр тэмцээний өмнөх сүүлчийн бэлтгэлээ хийхээр төлөвлөсөн байтал бороо түүнд ахиад л саад болох янзтай. “Марафон, гүйлт энэ нийгмийн өөрийнх нь нэг соёл болон тогтож байна. Эрүүл, чийрэг биетэй болохын төлөө хөгшин, залуугүй хичээх болж. Өглөө 8.00 цагт фитнесийн заал ороход дүүрчихсэн, гүйлтийн зам олдохгүй байх нь элбэг. Нэг хэсэг, саяхныг хүртэл монголчууд нийтээрээ таргалах маягтай болсон байсан. Харин одоо тэр нь үгүй болж байна. Чи манай оффисоор яваад үзээрэй. Тийм айхавтар илүүдэл жинтэй хүнтэй бараг таарахгуй шүү” гэв. Үүн дээр нэмэхэд, миний ажигласнаар Ард Санхүүгийн Нэгдлийн оффист хөгшин хүн ховор байсан. Хорь гарсан залуус голцуу. Аливааг хүлээн авахдаа хурдан, хөнгөн бөгөөд тэр өөрөө тэднээс эрч, энерги авдаг учраас залуустай ажиллах нь түүнд амар байдаг аж. “Миний хийж буй ихэнх зүйл шинэ байдаг учраас хуучин хөшүүн, юм сурах чадвараа алдсан хүмүүстэй ажиллахад хэцүү” гэв.

Тэрбээр залууст зориулсан бас нэг төсөл санаачлаад, гараан дээр нь явж буйгаа ярьсан. Старт-ап бизнесүүдэд зориулж оффистоо өрөө гаргаж, бизнес, маркетингийн болон хуулийн зөвлөгөө, хөрөнгө санхүүжилт, IT-гийн тусламж үзүүлэх зорилготой гэж байна. Өмнөх Засгийн газрын үед бизнес инкубатор гэж байгуулаад, “мартсан”-ыг тэр ийн үргэлжлүүлж байгаа нь энэ. “Залуу хүмүүс шинэ юм эхлүүлэхэд юу хэцүү, юу хэрэгтэй байдгийг би сайн мэднэ. Би залуудаа найз, нөхөдтэйгөө нийлээд олон шинэ санаачилга гаргаж, амжилтад хүргэсэн. Тэгэхэд тодорхой хэмжээний аз, бас дэмжлэг хэрэг болж байсан. Тиймээс тэрхүү туршлага дээрээ үндэслээд шинийг санаачилж буй залууст боломж олгож, дэмжихийг хүссэн”хэмээн тайлбарлав.

II

Одоогоос 25 жилийн өмнө түүнийг Монголын хөрөнгийн биржийн өндөр босгыг даван орж байсан үеэс хойш олон зүйл өөрчлөгджээ. Бүхэл бүтэн нийгэм солигдож, хөгжил дэвшлийг бид арванаар, зуунаар биш өдөр, хоногоор хэмждэг болов. Тэгэхэд Ч.Ганхуяг Монголын хөрөнгийн биржийн хамгийн залуу “тоглогч” байгаад, удалгүй Будапешт руу сурахаар явсан байдаг. Сургуулиа төгсөх үед түүний эхнэр жирэмсэн байсан бөгөөд тэр юун түрүүнд гэр бүлийнхээ бизнест туслахыг илүүд үзжээ. Ээж нь тэр үед зайрмагны цех ажиллуулж байв. Унгарт мэргэжил эзэмшсэн, ирээдүйн банкны захирал ээжийнхээ зайрмагны цехэд хоёр сар гаруй ажиллаж байгаад Монголбанкинд ажиллах урилга гарджээ. “Монголбанкинд ороод ер нь банк, санхүүгийн салбарт ажиллах нь ирээдүйтэй юм байна гэж бодсон. Ирээдүйд банкны захирал болно доо гэсэн мөрөөдөл тэгэхэд анх төрж байлаа”хэмээн ярив. Тиймээс зорилготой хөдөлж, банкны салбарын хүмүүстэй танилцаж, хүрээгээ, улмаар мөрөөдлөө тэлж эхэлжээ. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгөх төв гэх төрийн бус байгууллага, өнөөгийн хадгаламж зээлийн хоршоодын анхдагч, салбараа ямагт өнгөлж ирсэн КИДАН ХЗХ зэргийг тэр чухам Монголбанкинд байхдаа үүсгэн байгуулж байжээ. Ингэж явсаар ганцхан жилийн дараа Монголын банк санхүүгийн түүхэнд анхны банк бус санхүүгийн байгууллага үүдээ нээсэн нь Хөгжлийн Алтан Сан гэх үгийн товчлол, ХАС байж, үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирлаар нь Ч.Ганхуяг ажиллах болов.

ХАС Монголын санхүүгийн ертөнцөд үзэгдэл болж, араас нь ижил төстэй олон байгууллага үүдээ нээсэн байдаг. Монголын банк бус санхүүгийн байгууллагын тоо жилээс жилд өсөж байхад, үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2002 онд ХасБанк үүдээ нээж, Ч.Ганхуяг Монголбанкинд төрсөн мөрөөдлийнхөө бодит байдалтай нүүр тулж, Монголын хамгийн залуу банкны захирал болов. Үүнээс хойш түүнийг хүмүүс ХАС-ын Ганхуяг гэж нэрлэдэг болсон. Энэ тухайд тэрбээр “Хүмүүс намайг ХАС-ын Ганхуяг гээд байдаг. Би лав өөртөө ийм нэр өгөөгүй. Миний хийж байсан ажлуудаас хамгийн амжилттай нь байж, олон жил удирдсан болохоор тэр байх. Гэхдээ хүн хорвоод мэндлээд эцгийнхээ нэрээр овоглож байгаад хожим хийсэн бүтээсэн зүйлээрээ дуудуулаад явна гэдэг алдрыг олж, олонд танигдаж, амжилттай яваагийн нэг илрэл, бас бахархал болов уу гэж би боддог” гэсэн юм. Хэдийгээр ХасБанкны дэргэд Хас Лизинг, ТэнГэр Санхүүгийн Нэгдэл, ТэнГэр Даатгал, Тианронг зэрэг санхүүгийн компаниудыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн боловч түүнийг олон түмэн ХАС-ын гэдгээр л ойлгодог хэвээр. Харин одоо тэр “Ард”-ын Ганхуяг болсон. Үүсгэн байгуулж, өсгөж өндийлгөсөн “Хас”-аасаа явж, амьдралынхаа бас нэг шинэ жимээ гаргаад явж байна.

Үйл ажиллагаа нь урьд хийж байсан бүхэнтэй чинь төстэй ч, одоо та цоо шинэ байгууллага удирдаж байна. Шинэ мэдрэмж төрж байх юм уу?

Хөрөнгийн зах зээлд анхдагч нь болж, олон нийтэд чөлөөтэй хувьцаагаа арилждаг банк, санхүүгийн анхны компани болж, монголчууд бүгдээрээ хөрөнгө оруулагч үндэстэн болох зорилго тавиад ажиллаж байна. Өмнө нь би гаднаас хөрөнгө оруулалт оруулж ирье, банк байгуулъя, бүх аймагт салбараа нээе, жижиг зээл гаргая, хамгийн нээлттэй банк болъё гэж зориод, ажиллаж байсан бол одоо Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд 20-иод компанийг ардаа жагсааж байгаад, 300 гаруй хувь нийлүүлэгчийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийгээд, шинэ уриа, шинэ брэнд нэрэн дор нэгтгээд шинэ ажил эхэллээ.

Монголын жирийн иргэд өөрсдөө хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч болоод, хөрөнгөө өсгөх боломжийг хүн бүрт олгохыг хичээж байна. Өмнө нь би гадны хүмүүс, эсвэл том компаниудын мөнгийг өсгөж өгч байсан бол өнөөдөр жирийн иргэд хувьцаанд хөрөнгө оруулж, хөрөнгийн зах зээлд тоглох боломжийг нээлээ. ХасБанкинд байхдаа бичил зээлийг ард иргэдэд илүү тулхтай, тогтвортой байдлаар хүргэх явцдаа ашиг хийж болох юм байна гэдгийг харуулсан. Харин одоо зөвхөн бичил зээлээр ард нийтийн амьжиргааг дээшлүүлнэ гэдэг өрөөсгөл юм байна, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд хүмүүс хөрөнгө оруулалт хийж сурах ёстой гэдгийг ойлгосон. Удахгүй бид Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжина. Энэ бол миний хувьд том хариуцлага бөгөөд урьд өмнө хийж бүтээж байсан бүхний хамгийн дээд оргил нь байх болно.

ХасБанкнаас гарснаас чинь хойш таван жил гаруйн хугацаа өнгөрчээ. Эхнээс нь “тоосго” бүрийг нь өрж, өөрийнхөө овог болтлоо нэрлэгдсэн банкныхаа хаалгыг гаднаас нь хаагаад гарахад танд хэр хэцүү байсан бэ?

Би “Хас”-ыг байгуулснаараа, залуу насныхаа багагүй хэсгийг зориулснаараа үргэлж бахархдаг. Миний гараар бүтэж, миний сэтгэл шингэж босч ирсэн байгууллага учраас тэр. “Хас” миний хүүхдүүдийн нэг. Өнөөдөр би удирдлагад нь оролцохгүй байгаа ч гэсэн ажил хэрэг нь сайхан, өөдрөг яваасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. “Хас”-ыг би өдий хүртэл өсгөж өндийлгөөд одоо өөрийгөө аваад явчих тэнхээтэй болохоор нь “адислаж” өгөөд, өөрөө дараачийн “хүүхэд”-ээ өсгөх гээд явж байна. Хүмүүс намайг “Хас”-аар мэддэг, ХАС-ын Ганхуяг гэж нэрлэдэг учраас би тэндээ л ажиллаж, тэр нэг банктай зууралдсаар байгаад амьдралаа өнгөрөөхийг хүсээгүй. Би энэ амьдралдаа аль болох их зүйл хийж бүтээх юмсан гэж хүсч ирсэн. Миний амьдралын гарааны 20 жил маань “Хас”-тай яах аргагүй холбогдож, миний хийж бүтээсэн зүйлийн оргил нь болсон бол одоо Ард Санхүүгийн Нэгдлийг түүнээс ч өндөр амжилтад хүртэл нь зүтгэнэ.

Яах вэ, бүх юм дардан биш, надад хүндрэл бэрхшээл тохиолдож ирсэн. Гэхдээ шинээр эхэлж буй учраас бэрхшээл намайг харин ч ирлэж байна. Ер нь тодорхой хэмжээнд учраад байгаа бэрхшээлийг даван туулах нь надад сэтгэлийн таашаал өгдөг юм болов уу гэж боддог. Бүх юм урсгалаараа, тэгшхэн, дардан байдлаар яваад байвал надад сонирхолгүй, миний амьдрал хэтэрхий мөлчгөр, гөлгөр санагдана. Уруудах цагтай, өгсөх үетэй замаар явж байгаа нь надад сайхан мэдрэмж төрүүлж байна. Зарим хүн хүмүүс яагаад ууланд гардгийг ойлгодоггүй. Гэтэл олон бартаа, саадыг давж, зүтгэсээр уулын оройд гарч ирээд, би ийм өндөр оргил дээр ирлээ шүү гээд уужуу амьсгал авч зогсоход сайхан санагддаг. Бизнесийн амжилт үүнтэй тун төстэй.

Гэхдээ танд “Хас”-тайгаа хамт өсөх, өндрөөс өндөр оргилд хүрэх боломж байсан биз дээ?

ХасБанкийг анх байгуулж байхад би Монголын банкны салбарын хамгийн залуу захирал болсон бөгөөд эргээд ажлаа өгөхдөө хамгийн залуу нь хэвээр байснаас гадна хамгийн удаан захирлаар ажилласан хүн болоод буусан. Энэ нь нэг хүний хувьд хангалттай том үзүүлэлт. Үүгээрээ би бахархаж байна. Би зөвхөн “Хас”-даа ажиллаад, тэр нь Монголын хамгийн мундаг банк болсон ч гэсэн Ч.Ганхуяг үүнийг л хийгээд дууссан юм гэдгээр санагдахыг би хүсээгүй. Хожим өнгөрүүлсэн амьдралаа цэгнэхэд “Хас” миний хийж, бүтээсэн олон зүйл, олон амжилтын зөвхөн нэг нь л байгаасай гэж хүсч байна. Яагаад хүмүүс намайг Монголын эдийн засгийн форумаар, эсвэл улстөрч гэдгээр, эсвэл Ард Санхүүгийн Нэгдлээр, эсвэл “Дуулиан-2020”-ийг эхлүүлээд хөлбөмбөгийн спортыг Монголд хөгжүүлэхэд хамгийн бодитой нөлөө үзүүлсэн хүн гэж санаж болохгүй гэж. Би 30 том амжилтад хүрсний зөвхөн нэг нь л “Хас” байвал гоё биз дээ? Ихэнх хүн ганцад ч хүрч чаддаггүй бол би 30 том амжилтад хүрнэ гэсэн зорилго тавиад зүтгэж байна.

Та Хөрөнгийн биржийн брокероос Сангийн дэд сайд хүртэл олон янзын ажил хийж байсан. Эргээд харахад тэдгээрийн алинд нь та хамгийн жаргалтай, хамгийн эрх чөлөөтэй байсан бэ?

Би Монголбанкинд ажиллаж байхдаа, Хөрөнгийн биржид, ганзагын бизнес эрхэлж байхдаа ч тухайн үедээ хамгийн жаргалтай байсан. Одоо Ард Санхүүгийн Нэгдлийн захирал хийгээд, таван хүүхдийн эцэг болчихоод явж байгаагийн хувьд би хамгийн жаргалтай байна. Би өнгөрсөн амьдралдаа, тухайн үедээ хийх боломжтой байсан бүхнийг тултал нь хийсэн. Одоо ч гэсэн аль чадахаараа хичээж байна. Би харамсах, эргэж харах дургүй. Урагшаа харж амьдрах дуртай.

III

Ард Санхүүгийн Нэгдлийн оффисоор орсон хүн бүр хүлээлгийн танхимын голд байх чонын баримлыг харна. Хэзээ мөдгүй довтлоход бэлэн мэт харагдах хоёр метрийн өндөртэй энэхүү чонын баримал Оросын баавгай, Хятадын луу эдийн засгийн дунд одоо хэр оршин тогтнож, өргөн уудам нутгаа, хэл, соёл, түүхтэйгээ хадгалан ирсэн хүч, ухааны, бас Ч.Ганхуягийн дэвшүүлсэн “Чоно эдийн засаг” гэх ойлголтын бэлгэдэл буюу. “Дэлхий ертөнц Монголыг яах аргагүй чонотой холбож ойлгодог. Бид Монголын нууц товчоогоо бариад эхний хуудсыг дэлгэхэд л хаанаас эхтэйгээ мэддэг шүү дээ. Хятад луу, орос баавгайн дунд хэдэн мянган жилийн турш сүрэглэх үедээ сүрэглэж, ганцаар үедээ ганцаар тулж, ялж мандаж ирсэн бид чоно. Азийн бар улсууд гэж бий. Гэхдээ бид бар биш. Адилхан дорно дахинд хамаардаг хэрнээ Зүүн өмнөд Азийн соёл, хүмүүсийнх нь амьдралын философи, орчин нөхцөл Монголынхоос тэс өөр. Чоно бараас ялгаатай нь говийн +40 хэм, өвлийн -40 хэмд ч ажрахгүй амиа аваад явчих амьтан. Монголчууд тэсвэр сайтай, сөрөх чадвартай, хаана ч дасан зохицоод амьдрах боломжтой гэдгээрээ чонотой төстэй. Энэ утгаараа Монголын XXI зууны эдийн засгийн, нийгмийн хөгжлийн гайхамшгийг “чоно эдийн засаг” хэмээн нэрлэсэн.

“Чоно” эдийн засгийн давуу талыг тэр ингэж харж байна. Нэгт, бид хямдхан цамц, оймс оёж баяжихгүй. Бид агуу их электроникийн нээлт хийж, эсвэл цөмийн эрчим хүч гарган авч хөлжихгүй, дэлхийг машин үйлдвэрлэж хангахгүй гэж тэр үзэж байна. “Өргөн уудам нутгийн хөрсөн дорх баялгаа зөв ашиглаж, түүнийхээ орлогыг зөв зүйлд зарцуулж байж хөгжинө. Дэлхийн хамгийн өрсөлдөх чадвар сайтай, уужуу сайхан сэтгэлтэй, мэдлэг боловсролтой монгол хүнийг бий болгож байж бид хөгжинө. Уул уурхайгаас олсон орлогын 30 хувийг дэд бүтцэд, 30 хувийг хадгаламжинд, 30 хувийг хүндээ зарцуулна гэж хуульчлаад ажиллах хэрэгтэй. Эдийн засаг өсөж, хүний хөгжил дээшилж байж Монгол хүчирхэг гүрэн болно, дэлхий биднийг тоож харна. Монгол тун удахгүй дэлхийн эдийн засагт үзэгдэл болох нь гарцаагүй. “Монголын үзэгдэл” гэсэн нэр томьёо гарч ирнэ” гэж тэр итгэж байна. Харин Монголын хөгжил аль нэг улстөрчийн чээжний пангаар холбирдоггүй, бизнес улс төрөөс хөндий байх ёстой гэж үздэг.

Сүүлийн жилүүдийн эдийн засгийн хүндрэлийн шалтгааныг тэр “улс төрийн буруу бодлого, увайгүй, хувиа хичээсэн, эх орныхоо эрх ашгийг тодорхой бүлэглэл, гадныхны сонирхлоос дорд үзсэн бодлого, хоосон, тэнэг, боловсролгүй, популист, тохиолдлын буюу явуулын хүмүүс улс төрд орж ирсний гай” хэмээн шулуухан дүгнэв. Ч.Ганхуяг улс төрд ойрхон байж үзсэн хүн. Сангийн дэд сайдын алба хашиж, 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж байсныг нь та санаж байгаа байх. “2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал намайг цочроосон. Бид дор бүртээ ажлаа хийгээд, хүмүүсийг ажилтай болгоод, татвараа төлөөд явж байхад нийгмийг бужигнуулж, үр хүүхдийн маань амьдрах орчныг үгүй хийх эрсдэл байгааг ойлгосон. Тиймээс би улс төрд орохоор шийдэж, удаах жил нь МАН-д элссэн. Надад өөр сонголт байгаагүй. Би зүүн төвийн үзэл баримтлалтай хүн. Баян чинээлэг хүмүүс нь илүү ихийг нийгэмдээ өгч, халамжийн бодлого байх ёстой, боловсрол, эрүүл мэнд үнэ төлбөргүй, нийтлэг байх ёстой гэж үздэг учраас энэ намыг сонгосон” гэлээ.

2010 онд тэр Сангийн дэд сайд болсон. Үүний өмнө тэрбээр хэвлэлд өгч байсан ярилцлагууддаа “эх орон намайг дуудвал хамгийн эхний эгнээнд жагсах болно” хэмээн ярьдаг байв. Тэр үед Ерөнхий сайд асан Сү.Батболд түүнд дэд сайд болох санал тавихад тэр “Эх орон дуудна гэдэг чинь Ерөнхий сайд нь дэд сайдын санал тавихаас өөр ямар хэлбэрээр байх вэ гэж бодсон. Нэгэнт тэнгэрийн дуудлага гарч ирэхгүйгээс хойш байж болох хамгийн дээд хэлбэр нь юм байна гэж бодоод саналыг зөвшөөрсөн” гэв. Улмаар 2012 юны сонгуульд оролцох нь тодорхой болсон аж. “Сонгууль яаж өрнөсөн, би ямар алдаа, МАН ямар алдаа гаргасан, түүн дээр нь Ардчилсан нам ямар тактик барьж ажилласныг хүмүүс мэдэж байгаа байх. МАН Улаанбаатарын нэг ч тойрогт ялалт байгуулаагүй. Санал хураалтын машин асуудал болоод томсгосон тойрогт нэг намын хоёр нэр дэвшигч хоорондоо өрсөлдөж, бие биенийхээ араас хутга зоосоор байгаад дуусдаг нь над дээр ч тохиолдсон. Гэхдээ одоо эргээд харахад надад харамсах зүйл алга. Сонгуульд нэг бол ялна, эсвэл ялагдана гэсэн хоёр л сонголт байдаг. Би өөртөө дүгнэлт хийж, гаргасан алдаанаасаа сургамж авсан. Бас тухайн нөхцөл байдалд УИХ-ын гишүүнээр сонгогдоогүй нь надад харин ч сайн зүйл болсон гэдэгт би итгэлтэй байдаг. Одоо парламентын гадна байгаа ч би магадгүй 76 гишүүний дийлэнхээс нь илүүгээр нийгэмд хувь нэмрээ оруулж, үзэл бодлоо илэрхийлж олныг бодлыг дагуулж байгаа болов уу” гэв.

IV

Цаг 19.00 болов. Гадаа бороо намжжээ. Ярилцлагын дараа тэр Шадивлангаас Шарга морьт хүртэл гүйж, “Улаанбаатар” марафоноос өмнөх сүүлчийн бэлтгэлээ хийнэ гэдгээ хэлэв.

Би түүний фэйсбүүк дэх 67000 дагагчийн нэг бөгөөд яаж ажил, амьдрал болоод сонирхлынхоо заагийг сайтар олж, хэрхэн тэр олон зүйлийг амжуулдгийг нь ярилцлагын эхэнд болоод дууссаны дараа хэсэгхэн зуур ч болтугай анзаарсан. Өмнөх ажлаа нэг их зоволгүйгээр амжуулчихдаг, бас спортын олон төрлөөр сонирхон хичээллэдэг чанарыг тэр ааваасаа өвлөсөн гэв. Харин ээжээсээ зөрүүд, хэрсүү, этгээд занг нь дуурайжээ. Харин өрсөлдөөнч чанарыг нь түүний дүү Ч.Гантулга хурцалж өгчээ. “Бид хоёр багадаа амьдралынхаа орон зайг бий болгох гэж аав, ээжийнхээ анхаарал халамжийг татахаас эхлээд бүх юмны төлөө өрсөлддөг байсан. Тэр миний амьдралд маш чухал нөлөө үзүүлсэн” гэлээ. Одоо ч түүний өрсөлдөөнч чанар буй хэвээрээ буцалж буй.

“Би 40 гарчихлаа, одоо хэнд ч хэрэггүй хүн болсон гэж өөрийгөө боддоггүй. Ид оргил үе маань биш байж магадгүй ч бууж өгөх болоогүй. Тэгэхээр залуус намайг өрсөлдөгчийн тооноос хасч болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй” гээд инээсэн. Энэ тоглож хэлсэн үг биш байлаа. Тэр гүйхээр явлаа. Би ч гэсэн гүйхгүй бол горьгүй нь!

Эх сурвалж: “Гэрэг” сэтгүүл 2015/6/11

« Буцах