Ч.ГАНХУЯГ: БИТКОИНЫ ТАЛААРХ ИРГЭДИЙН БУРУУ ОЙЛГОЛТЫГ ЗАЛРУУЛНА

pic

Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.

 

Эрдэнэс Тавантолгой компанийн иргэдэд оногдсон 1072 ширхэг хувьцааг хөдөлгөж, хөрөнгийн зах зээл дээр арилжаалах нь зүйтэй гэдэг асуудлыг та нэлээд хүчтэй тавьсан. Тодорхой хэмжээний хөдөлгөөн ч өрнүүлсэн. Энэ хөдөлгөөн хэр ахицтай байгаа вэ? 

http://phpstack-97264-1521862.cloudwaysapps.com/media/files/post/zurag/-ganhuyag.jpg

Ямар ч байсан Эрдэнэс Тавантолгой компанийн үйл ажиллагаа арай илүү нээлттэй болж байгаа. Удирдлагууд нь мэдэгдэл хийж, тодорхой хэмжээгээр тайлангаа нээлттэй хөтөлдөг болсон. Ард иргэдэд мэдээлэл өгөх тал дээр ахиц гарч байгаа. Гэхдээ хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хаалттай хийхээр болсон байна билээ. Тодруулбал, ирэх дөрөвдүгээр сард болох хувьцаа эзэмшигчдийн хуралдаа иргэдийн төлөөллийг оролцуулахгүй, зөвхөн саналын эрхтэй Засгийн газрын төлөөллийг суулгана гээд зараа гаргасан байсан. Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг илүү нээлттэй явуулахын төлөө дараа дараагийн алхмыг хийнэ. Бид холбогдох бүх байгууллагуудад очиж асуудлыг танилцуулсан.  

Холбогдох байгууллагууд хэрхэн хүлээж авсан бэ. Иргэдийн хувьцааг хөдөлгөх талаар ямар нэгэн алхам  хийж эхэлнэ гэнэ үү?  

Ер нь Монгол Улсын иргэн бүр Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг эзэмшиж байгаа. Ийм байхад хүлээж авахгүй гээд буруу хараад суух эрх тэдэнд байхгүй шүү дээ. Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо нааштайгаар маш сайхан хүлээж авсан. Энэ асуудлыг хамтдаа шийдье гэж тохирсон. Түүнчлэн бид бүхий л шатны төрийн түшээдэд “Сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалж, энэ асуудлыг анхааралдаа аваач ээ” гэдэг захидлыг Монгол Шуудангаар хүргүүлсэн.

Эрдэнэс Тавантолгой компани нээлттэй болж, хувьцаа нь хөрөнгийн зах зээл дээр гарвал Монголчуудын амьдралд их л дэм болох байх даа?

Тэгэлгүй яахав. Нүүрсний үнэ өсч байна. Энэ үед иргэд Эрдэнэс Тавантолгой компанийн талаарх мэдээллийг авах хэрэгтэй байгаа юм. Мэдээлэл аваад зогсохгүй хувьцаагаа зарах, авах боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Тиймээс бид ирэх дөрөвдүгээр сард Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулга уулзалтын үеэр энэ асуудлыг хүчтэй ярьж, шийдвэрлэх арга замыг нь тодорхойлно. Монголын иргэн бүр хувьцаа эзэмшигч болсон. Энэ бол Монголын түүхэнд байгаагүй хамгийн том хувьчлал байсан. Энэ компанийг илүү нээлттэй болгоё гэвэл Лондон, Нью-Йорк, Торонто, Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцааг нь чөлөөтэй арилжаалах хэрэгтэй. Хэрвээ ийм болчихвол та өөрийнхөө хувьцааг доллараар зарах боломжтой болно шүү дээ. Анх сая төгрөг байсан хувьцаагаа гурван мянган долларт хүргэчихвэл сайхан биз дээ.

Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулганыхаа талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Ямар зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа юм бэ? 

Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулга уулзалтыг ирэх дөрөвдүгээр сарын 22, 23-нд зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн жил бид Хөрөнгө Оруулагч Үндэстэн гэх анхны хөдөлгөөнөө үүсгэн байгуулж, хурлаа хийж байлаа. Тэгээд Хөрөнгө Оруулагч Үндэстэн гэдэг хувьцаат компанийг байгуулж байсан. Иргэд ирээдүйд болох гэж буй хувьчлалыг сонирхож байгаа. Түүнд хэрхэн оролцох талаар мэдээлэл авахыг хүсч байгаа шүү дээ. Энэ хэрэгцээ шаардлагыг тус чуулганаар эрэлхийлнэ.

Түүнчлэн бид маш том зорилт тавьсан. Тэр нь юу вэ гэвэл Монгол Улсын иргэд эхний ээлжинд хувьцаатай, хөрөнгөтэй болох ёстой. Дараа нь бусад улсад хөрөнгө оруулалт хийдэг хөрөнгө оруулагч үндэстэн болъё гэдэг санааг агуулж энэ хөдөлгөөнийг үүсгэсэн. Энэ чуулга уулзалтын гол санаа нь энэ юм. Харин Ард Санхүүгийн Нэгдэл, Хөрөнгө Оруулагч Үндэстэн хувьцаат компанитай шууд холбоотой биш. Тэгэхээр монголчуудынхаа дунд хөрөнгө оруулалтын асуудлаар илүү их мэдээлэл мэдлэг бий болгож, түгээхийн тулд энэ чуулганыг хийхээр болсон. Мянга орчим хүн оролцоно. Бид энэ чиглэлээр хөрөнгө оруулалт амжилттай хийж ирсэн гадаад, дотоодын мундаг хүмүүсийг суулгаж байгаад сонирхолтой хэлэлцүүлэг, мэтгэлцээнүүдийг өрнүүлнэ. Олон түмэнд санхүүгийн мэдлэг, мэдээллийг түгээх ач холбогдолтой арга хэмжээ болох тул хэвлэлийнхнийг урьж “Ард түмэнд мэдээллийг нь хүргээд өгөөч ээ” гэж хүсч байгаа юм. Түүнчлэн бизнесээ танилцуулах сонирхолтой байгууллагуудыг урьж, үйл ажиллагаагаа ард түмэнд таниулах боломжийг олгож байгаа.

Төрийн байгууллагууд оролцох уу?

Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж зэрэг компаниуд оролцохоос гадна хууль тогтоож, хэрэгжүүлж байгаа Засгийн газар, УИХ-ын холбогдох хүмүүсийг урина. Тэднийг ард түмнийхээ хүсч байгаа зүйлийг анхааралтай сонсоно гэдэгт найдаж байгаа.

Ер нь ард иргэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг, мэдээлэл муу байдаг. Харин сүүлийн үед ихээр сонирхох болж. Танай Ард Санхүүгийн Нэгдэл энэ талын сургалтыг хийдэг гэсэн. Хүмүүс энэ сургалтад хэрхэн хамрагдаж байна вэ?

Манайх иргэдэд чиглэсэн сургалт явуулдаг. Маш олон хүн амралтын өдрүүдэд ирж сургалтад хамрагддаг. Тэд маш олон асуудлыг сонирхдог. Тэдний сонирхсон асуудлуудыг багцалж Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулга уулзалтын үеэр хэлэлцэх болно. Энэ арга хэмжээг жил болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Би өмнө нь Монголын эдийн засгийн чуулганыг зохион байгуулж байсан туршлагатай. Тэр туршлага дээрээ тулгуурлаад Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулганаа өндөр түвшинд зохион байгуулахаар ажиллаж байна. Нэн ялангуяа Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах асуудал яригдаж, бизнес эдийн засаг сэргэх гэж байгаа энэ үед төрийн болон бизнесийн салбарынхан, ард иргэд хөрөнгийн зах зээлийг илүү сонирхох болов уу.  

Сүүлийн үед биткоин гэх цахим санхүүгийн хэрэгслээр дамжуулан иргэдийг залилж, мөнгө босгож байгаа талаарх мэдээлэл гарах боллоо. Гэтэл танай Ард Санхүүгийн Нэгдэл энэ үйл ажиллагааг дэмждэг гэх юм. Үүнийг тодорхой тайлбарлахгүй юу?

Биткоин дээр монголчуудын толгой нэлээд эргэчихсэн байна. Энэ нь дэлхийн хөгжлөөс хоцорч байгаагийн нэг илрэл л дээ. Монголчууд хэтэрхий дотогшоо, хумигдмал орчинд сэтгэж байна. Биткоин нь блокчэйн технологи дээр суурилсан мөнгөн дэвсгэрт. Өөрөөр хэлбэл, төлбөрийн хэрэгсэл гэсэн үг. Монгол төгрөг, америк доллараас ялгаатай нь юу вэ гэхээр цаана нь Америкийн Засгийн газар, Монголын Засгийн газар баталгаа нь болж өгдөгт байгаа юм. Харин блокчэйн технологийн онцлог нь цахим орчинд оролцож байгаа оролцогчдод баталгааг нь гаргаж өгдөг гэж ойлгож болно. Жишээлбэл, би ХасБанкны дансанд мөнгөө хийчихсэн байлаа гэж бодъё. Тэгээд мөнгөн дүнгээ харахын тулд интернэтээр ороод дансны хуулгаа хардаг шүү дээ. Яг тэрэнтэй адилхан мөнгө байхгүй юу. Дэлгэцний цаана байгаа мөнгө.

Тэгвэл үүнийг яаж сүлжээний бизнес болгоод байгаа юм бэ?

Сүлжээний бизнес нь арай өөр зүйлийг хэлдэг. Жишээлбэл, хадгаламж зээлийн хоршоог сүлжээний бизнес болгоод “Чи арван найзаа аваад ир. Хэрэв авчирвал гурвынх нь мөнгийг өгье” гэдэг. Нөгөө 10 нь ороод ирэхээр бас адилхан юм ярьдаг. Ийм маягаар цахим валютыг ашиглаад хийж байгаа зальтай этгээдүүдийн үйл ажиллагааг манайхан хольж хутгаж ойлгоод байгаа юм. Энэ цахим сүлжээг вонкойн (onecoin) гэдэг. Пирамид схемийн бизнес. Харин биткойн бол мөнгөн тэмдэгт. Энд ганц л адилхан зүйл бий. Койн гэдэг нэрийг нь манайхан хольж хутгаад байна. Биткойныг яг одоо интернэтэд ороод хэн нэгэнд шимтгэл төлөхгүйгээр худалдаад авчихаж болно. Биткойны ханш нь эрэлт, нийлүүлэлтээсээ хамаараад дээшээ, доошоо хэлбэлздэг. Хэн нэгэн надад үүнийг зарах хэрэггүй. Хэн нэгэн сурталчлах хэрэггүй. Хэн нэгэн надад сурталчиллаа гээд шимтгэл төлөхгүй.

Биткойныг дэлхийн ямар улсуудад хүлээн зөвшөөрдөг вэ?

Биткойныг өнөөдөр Швейцарын санхүүгийн салбарт хүлээн зөвшөөрсөн. Ийм төрлийн бизнесийг дэмждэг оффшорны бүс бий болгох ажлыг хийж байна. АНУ-д онлайн худалдааны гол хэрэгсэл болсон байдаг. Тэгвэл монголчууд яагаад дэлхийн хөгжлөөс хоцрох ёстой юм бэ. Энэ асуудлыг Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулганы үеэр Төв банк болон Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгчдийг суулгаж байгаад нээлттэй хэлэлцүүлгийг хийж, толгойн доторх зангилаасыг тайлж өгөхгүй бол маш их будилаан үүсч байна. Ер нь манайхан банкны дарлал, боолчлолоос гарах боломжоо алдаж байна л гэсэн үг. Өнөөдөр олон мянган монголчууд гадаадад ажиллаж байна. Тэд сар болгон гэр бүлдээ 500-1000 доллар шилжүүлдэг. Ингэж шилжүүлэхдээ банкинд шимтгэл төлж, хэд хоног хүлээдэг. Тэгвэл одоо утасныхаа дэлгэцээр команд өгөхөд л тэр дороо мөнгө нь Монголд ирэх боломжтой болж байна. Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд энэ тал дээр зуучлалын үйлчилгээг нь хийнэ. Гадаадаас мөнгөө манай данс руу хийчих. Бид энд нь гаргаад өгье. Ийм л зүйл байгаа юм.

Саяхан Ард Санхүүгийн Нэгдэл хаалттай хүрээнд бонд арилжаалсан. Арилжаа хэрхэн явагдсан бэ. Хэчнээн хэмжээний бонд босгосон бэ?

Манайх анх удаа хаалттай хүрээнд бонд гаргалаа. Нийт 60 иргэнээс хоёр тэрбум төгрөгийн бондыг амжилттай босгож, хоёр жилийн хугацаатай, 19 хувийн өгөөжтэй бондыг борлуулж дууслаа. Энэ бол Монголын санхүүгийн зах зээлийн хөгжилд ахиц дэвшил гаргасан том үйл явдал болсон гэж бодож байна. 

« Буцах