Ч.ГАНХУЯГ: МОНГОЛД “ХИЙМЭЛ ОЮУН УХААН” АШИГЛАЖ ЗЭЭЛ ӨГДӨГ БОЛСОН

pic

Дижитал зах зээл дэх старт-ап бизнесүүд, жижиглэн худалдаанаас цахим худалдаа руу, бага зардлаар бизнесээ тэлэх аргууд зэрэг шинэ содон сэдвээр дүүрэн Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулга уулзалт өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон билээ. Энд яригдсан сонирхолтой сэдвүүдийн хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.

 

Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулга уулзалтыг маш олон хүн сонирхож ирсэн. Тэд бүр мөнгө төлж оролцсон шүү дээ. Тэдний хүсэл, зорилгод нийцэж чадсан уу. Чуулганы үр дүнг та юу гэж хэлмээр байна вэ?

Ямар ч улс төржилтгүй, эрүүл, саруул амьдралд хэрэгтэй мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулга уулзалтаа удаан бодож, мөрөөдөж байж хийсэн. Энэ хуралд иргэд үнэ төлж орсон. Тиймээс хурал дуусан дуустал хүмүүс шинэ зүйл мэдэхийн төлөө байсаар л байсан. Энэ хурал Монголд анхных байлаа. Алдаа дутагдал их бий байх. Гэхдээ Төрийн ордонд хэдэн дарга нарыг хүчээр суулгаад, тэднийг хэдэн хурган дарга нар нь сонссон болоод л өнгөрдөг тогтолцоо байх ёсгүй. Хүмүүс амьдралаа үнэлдэг байх ёстой. Тиймээс өөртөө хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй шүү дээ. Чуулганд 1500 орчим хүн 50-100 мянган төгрөгийн төлбөр төлж оролцсон. Үүнээс 200 орчим хүн урилгаар ирсэн. Хүмүүс мөнгөө төлөөд хэрэгтэй зүйл сонсъё, үзье гэж ирсэн. Тэд “Мөнгөний эзэн байх уу, зарц байх уу” гэдэг хариултыг хайж байна. Чуулганаас хойш манай хувьцаа, бондыг сонирхож маш олон хүмүүс ирж байгаа. Хоёр хоногийн өмнө манай дээр 900 сая төгрөгийн данс нээгдсэн. Манайхаас гаргадаг 200 сая төгрөгийн “Хүннү” бондыг иргэд худалдаж авсан.

Чуулганы үеэр “Дижитал зах зээл дэх старт-ап бизнесүүд” гэх сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн. Үүнийг тодорхой тайлбарлахгүй юу?

Старт-ап бизнес гэдэг нь дөрөв дэх аж үйлдвэрийн хувьсгал гэж ойлгож болно. Цаг тутамд өөрчлөгдөж, хувьсаж байгаа энэ орчинд шинэ боломжийг хайж олоод, тэр санаагаа өөрийн болон гэр бүл, найз нөхдийнхөө хөрөнгөөр хэрэгжүүлэхийг хэлж байгаа юм. Тэгээд дараа нь “Сахиусан тэнгэрийн хөрөнгө оруулагчид”-аас мөнгө босгож, бүр цаашлаад “Урт хугацааны хөрөнгө оруулдаг сан”-гаас дахин мөнгө босгож, дэлхийн бизнес болгох зорилготой гэж ойлгож болно. Тэгээд дараа нь хөрөнгийн зах зээл дээр зарж байгаа тийм бизнесийг хэлж байгаа юм. Твиттер, Фэйсбүүк бол старт-ап бизнес. Стив Жобс 1978 онд өөрийнхөө Apple компанийг старт-ап байдлаар эхлүүлж байсан.

Сүүлийн үед цахим сүлжээ ашиглаж бараа бүтээгдэхүүн захиалж, гэртээ хүргүүлдэг үйлчилгээ тархаад байгаа. Үүнийг цахим зах зээл гэж хэлж болох уу.  Энэ төрлийн бизнес манайд хөгжих боломжтой юу. Хэрэв хөгжвөл ямар ашигтай юм бэ?

Надад ямар нэгэн зүйл хэрэг боллоо гэхэд заавал дэлгүүр рүү явах шаардлагагүй. Утаснаасаа бараагаа харж, сонгоод мөнгөө технологийн тусламжтайгаар төлөөд, шуудангийн тусламжтайгаар гэртээ хүргүүлдэг бизнесийг хэлж байгаа юм. Манайд онлайнаар худалдаа хийдэг хэд хэдэн сайт байдаг. Тэднийг нийлүүлээд зах болгох хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүн авахын тулд замын түгжрэлийг даван туулах, бензин тосоо барах, цаг заваа үрэх хэрэггүй. Тэгээд дэлгүүрт очоод эцсийн дүнд баглаатай бараа л авна. Тэрний оронд гэртээ авчруулах хэрэгтэй. Ингэснээр дэлгүүрээс бараа худалдаж авсан мөнгөнөөсөө хамаагүй бага төлбөр төлөх юм. Хэрэв Samsung утсыг гэртээ захиалаад 30 хувийн төлбөр хэмнэж болж байгаа бол гэртээ захиалаад л авчих л даа. Хятадууд Alibaba гэх дижитал зах ажиллуулаад байхад монголчууд яагаад хийж болохгүй гэж. Тиймээс бид Монгол Шууданд хөрөнгө оруулалт хийгээд энэ төрлийн бизнесийг эхлүүлсэн. Европ, АНУ-ын зах зээлд ийм бизнес хөгжиж байна. Alibaba, Amazon-той өрсөлдөх гээд дэлхийн бизнес эрхлэгчид чичрээд дайрч байна. Яагаад гэвэл, Alibaba хамгийн хямдаар АНУ-ын иргэдийн гэрт нь бараа, бүтээгдэхүүн хүргэж өгөөд байгаа байхгүй юу. Тиймээс Европын том, том дэлгүүрүүд маркетингээ өөрчлөхөөс өөр аргагүйд хүрч байна. 2020 он гэхэд Монголчууд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг гүйцэж, манлайлаад явчих боломж байна. Тэрийг л бүгдээрээ хийх хэрэгтэй. Тиймээс бид гаднаас “Гурван үгний хаягжилт”-ыг зохиосон хүнийг урьж авчраад чуулгандаа оролцуулсан.

Апликэйшн ашиглаж хаяг тогтоохыг “Гурван үгний хаягжилт” гэж хэлээд байна уу. Энэ технологи манайд аль хэдийнэ нэвтэрчихсэн байх аа?

Монголчууд ядаж тодорхой хаягтай болчихмоор байна шүү дээ. Ялангуяа захын гэр хорооллын хаяг тодорхойгүй учраас олоход бэрх байдаг шүү дээ. Тэгвэл “Гурван үгний хаяг” гээчээр өвөлжөөндөө байгаа Дорж өвгөнийг түвэггүй олно. Хаягийг нь тодорхойлдог тусгай апликэйшн байдаг. Жишээлбэл, апликэйшн ашиглаад Улаанбаатарыг дээрээс нь харж болно. Тэгээд Баянхошууны аманд байгаа гэр хорооллын нэг айлыг сонголоо гэж бодъё. Ингээд сонгонгуут “Манул, гадил, ажиглаад” гэдэг хаяг гараад ирчихэж байна. Энэ хаягийг манай шууданч ашиглаад тухайн айлд очих боломжтой болно. Бас нэгэн айлыг чиглүүлээд дарахад “Тулгар, дамжигч, засвар” гэдэг хаяг гарч ирнэ. Гэрийн эзэн энэ хаягаа бичээд, мөнгөө төлөөд, бараагаа захиалж болно. Шууданч аваачаад л өгнө. Лагерт байгаа хүмүүс нэг шил вино, хорхог захиалъя гэж бодъё. Тэд хорхог хийдэг газар руу “Гадил, тавлаг, очно” гэдэг гурван үг явуулаад, мөнгөө төлчихнө. Тэгэнгүүт хорхог, виног шууданч нь аваачаад өгнө. Энэ бол старт-ап бизнесийн нэг жишээ юм. XXI зууны монгол хүн гэрийн хаяггүй байна гэдэг өөрөө гутамшиг. Арай ч дээ. Шийдээд өгье л дөө. Төр нь шийдэхгүй бол би шийдчихье. Адилхан энэ улсын иргэн юм чинь. 26 жилийн турш иргэдээ хаягжуулж чадаагүй нь хүний эрх зөрчиж байгаа хэрэг. Төр нь иргэнээ хаана байгааг мэдэхгүй байна гэдэг байж боломгүй асуудал. “Гурван үгний хаягжилт”-ыг ашиглахад гудамж, дугаар, тоо хэрэггүй. Гурван нууц үг л хэрэгтэй.

Хүмүүс банкнаас зээл авдаг. Ингэснийхээ төлөө маш их хүү төлөх шаардлага гардаг. Тэгвэл “санхүүгийн технологи” ашиглан хүүний дарамтад орохгүйгээр зээл авдаг арга байдаг тухай ярьж байсан. Үүнийг тайлбарлаач?

Банк бол хэн нэгнээс мөнгө аваад нөгөөд өгдөг. Гэхдээ иргэний мөнгийг хадгалахдаа 17 хувийн хүү төлдөг. Харин иргэнд зээлүүлэхдээ 30 хувийн хүү авдаг. Яагаад ийм системд дарлуулах ёстой гэж. 17 хувийн хүүтэй мөнгө авчихаад 17 хувиар нь өгчихдөг тийм систем гаргаж яагаад болохгүй гэж. Финтек буюу “Санхүүгийн технологи” гэдэг систем байна. “Санхүүгийн технологи” нь ямар боломж олгож байна вэ гэхээр ямар нэгэн хүн зээл авах боломжтой бол заавал нүсэр аппарат ажиллуулахгүйгээр данс руу нь мөнгө шилжүүлдэг. Заавал үнэтэй реклам явуулж, том байшинд байрладаг банкаар дамжуулж зээл өгөх ямар хэрэг байна. Эерэг нөлөө нь 30 хувийн зээл авсан хүн төлөх магадлал нь бага бол, 17 хувийн зээл авсан хүн түвэггүй зээлээ төлнө. Давхар эрсдэлээ бууруулчихаж байгаа биз дээ. Энийг Финтек буюу “Санхүүгийн технологи” гэж байгаа юм. Нөгөөдөх нь Person to person буюу “Хүнээс хүн рүү зээл өгөх” гэсэн санаа байна. Үүн дээр манайхан ахиц дэвшил гаргаж байгаа. Энэ талын үйлчилгээ үзүүлдэг хэд хэдэн компани чуулганы үеэр танилцуулга хийсэн.

Санхүүгийн зах зээлд “Хиймэл оюун ухаан” ашиглаж үйлчилгээ үзүүлдэг шинэ үйлчилгээ нэвтэрч эхэлсэн гэж байсан. Үүнийг яаж ашигладаг юм бэ? 

Монголд Lendmn гэдэг компани Artificial intelligence буюу “Хиймэл оюун ухаан” ашиглаж, зээл өгч байгаа. Нэлээд хэдэн жилийн өмнө A.I гээд хөх нүдтэй хүүхдийн тухай гардаг кино гарсан даа. Энэ кинон дээр огт хүүхэдтэй болдоггүй гэр бүл робот худалдаж аваад хүүхдээ төрөнгүүт ад үзсээр байгаад хаячихдаг. Тэгээд тэр робот нь хэчнээн мянган жил амьд байдаг. Ээждээ маш хайртай. Өрөвдмөөр хүүгийн тухай кино гардаг шүү дээ. Орчин цагт бидний өмнөөс технологи ухаалаг үйлдэл хийгээд эхэллээ.  Жишээлбэл, аливаа хүн утсаараа юм бичихийн оронд, ярьж харилцаж болж байна шүү дээ. Машин бариад явж байлаа гэж бодоход утсандаа хандан “Миний м-мэйлийг шалгаад, уншаад өг” гээд хэлэхэд, утас нь уншаад өгч байх жишээний. Бүр өөрөө өөрийгөө бариад явдаг жолоочгүй машин гараад ирчихсэн. “Хиймэл оюун ухаан” гэдэг нь гаднаас орж ирж байгаа мэдээллийг ашиглаад байнга хөгждөг систем юм. Яг л хүн шиг.

Манайд байгаа Lendmn-ийн бизнес загвар нь юу вэ гэхээр бидний талаарх бүх мэдээлэл цахим ертөнцөд байгаа шүү дээ. Фэйсбүүкийн хэдэн найзтай, твиттерт хэдэн дагагчтай, өдөрт хэдэн цагт онлайнд ордог, төлбөрийн карттай эсэх, зээлээ төлдөг, төлдөггүй гээд л бүх мэдээлэл бий. Lendmn-ийнхэн тухайн хүн зөвшөөрвөл мэдээллийг нь цуглуулдаг. Тэгээд тухайн хүнд зээл өгөх, өгөхгүйг нөгөө “Хиймэл оюун ухаан” болох машин нь шийдчихэж байгаа юм. Энд зээлийн мэргэжилтнүүдийн шаардлага алга. Зээл гаргах салбар ч хэрэггүй. Хэрвээ зээл өгөхөөр болвол шууд данс руу нь хийчихдэг. Үүнийг Монголд хийж байна.

« Буцах