ХЭРВЭЭ ЧИ АСАР ИХ ХҮСЭХ ЮМ БОЛ ЭНЭ ОРЧЛОН ЧИНИЙ ТӨЛӨӨ ЭРГЭЖ ЭХЭЛДЭГ

pic

Ж.Баярхүү

Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг. Магтаал, зэмлэлийн алинд ч ноён нуруу нь хугарахааргүй болсон, манлайлагч, цэвэрлэгчийн алинтай ч эн тэнцүү инээмсэглэн харилцдаг эл эрхэмтэй ярилцахад сайхан байлаа.    

 

Крипто үндэстэн чуулга уулзалтыг танай байгууллагаас Монголдоо анхлан зохион байгуулах гэж байна. Цахим мөнгө, тэр дундаа биткойн өнөөдөр монголчуудын сонирхлыг ихээхэн татаж байгаа. Тэгэхээр, энэ чуулга уулзалтын эцсийн үр дүнг та хэрхэн харж байна вэ?

Амьдралын салаа замууд эргээд огтлолцдог гэдэг шиг Гялбаа сэтгүүлд өмнө нь ярилцлага өгч байсан сэтгүүлчтэйгээ найман жилийн дараа дахин уулзаж, арай өөр байдлаар ярилцлага өгч байгаадаа бэлгэшээж байна. Гялбаа сэтгүүл тухайн үедээ шинэлэг, нийгэмд ахиц дэвшил гаргахуйц мэдээллийг хүмүүст хүргэдэг, их гоё сэтгүүл байсан. Тэгвэл өнөөдөр бас адилхан RedHero Business гэдэг нэгэн шинэ, шинэлэг сэтгүүл бүтээж буй явдалд танай хамт олонд баяр хүргэе. Ялангуяа, нийгэм дэх нэгэн шинэ үзэгдлийг тайлах, мэдээлэл авах, өөр хоорондоо танилцах, магадгүй хувь хүмүүс дор бүрийнхээ амьдралд дүгнэлт хийгээд өөрчлөлтийг авчрах үүд хаалгыг нээж буй Крипто Үндэстэн Чуулга Уулзалтын талаар ярилцах болсондоо баяртай байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард бид хөрөнгийн зах зээл ямар боломж бололцоог бий болгодог талаар, яагаад бид мөнгөний төлөө ажилладаг хэрнээ мөнгөө өөрсдийнхөө төлөө ажиллуулж болдоггүй юм бэ гэсэн дохиог залуустаа өгөх зорилготойгоор Хөрөнгө Оруулагч Үндэстэн Чуулга Уулзалтыг зохион байгуулж, маш сайн үр дүнд хүрсэн учраасурам зориг аваад дараагийн чуулга уулзалтаа зохион байгуулж байгаа нь энэ. Хөрөнгийн зах зээл дээрх хүмүүсийн оролцоо өнөөдөр нэмэгдэж байна, хувьцааны үнэ нэмэгдэж байна, IPO хийгдэж байна, бондууд гарч байна, хүмүүс илүү мэдлэгтэй, итгэлтэй болоод банк санхүүгийн салбараас хөрөнгийн зах зээл рүү хошуурах хандлага үзэгдэж байна. Мэдээж зөвхөн бидний хийсэн ганц арга хэмжээнээс шалтгаалаад ийм их үр дүн гарсан гэж хэлэхгүй ч, бид бүхний хамтын ажиллагаа үр дүнгээ өгч байгаад би баяртай байгаа. Крипто Үндэстэн Чуулга Уулзалтын үеэр блокчэйн технологи, крипто валют, биткойны талаар ярилцана. Тархиндаа, сэтгэлдээ байгаа бөглөөсийг авч хаяад, хувийн амьдрал, эргэн тойрныхоо нөхцөл байдал, улс орныхоо хөгжлийг хурдасгаж өөрчлөх, илүүгэрэл гэгээтэй ирээдүйг өөрсдөдөө дуудаж авчрах сайхан боломжийг блокчэйн технологи монголчууд бидэнд олгож байна. Бид хөрөнгө оруулалт хийгээд мөнгөө өсгөж болж байна,өөрсдөө тоног төхөөрөмжийг нь цахилгаанд залгаад биткойн болон бусад алткойныг олборлож болж байна, энэ технологийг ашиглаад утаа тортог, түгжрэл, ядуурал, нийгмийг хортой манангаар бүрхээд байгаа авилгаас салж болж байна, хүүхэд залуусаа сургаж боловсруулаад олон улсад өрсөлдөх боломжгарч ирж байна. Тиймээс энэ технологид бид асар их ач холбогдол өгч байгаа.

Таны үүсгэн байгуулсан Хөрөнгө Оруулагч Үндэстэн компани нээлттэй хувьцаат компани болчихлоо. Харин одоо Ард Банкны төвөргөөн ойртож байх шиг. Ард Банк байгуулагдсанаар Монголд юу өөрчлөгдөх вэ, одоо ажиллаж байгаа 14 банкнаас юугаараа шинэлэг байх вэ?

Өөрөө манай хувьцаа эзэмшигч үү?

Үгүй ээ, удахгүй хувьцаа авах гэж байгаа.

Аан, хоцорч л байгаа юм байна даа.

Харин тийм ээ. Гэхдээ Ард Банкны анхны хөрөнгө оруулагчдад ямар давуу тал үүсэхийг хэлж өгнө үү?

Надад итгээд хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа хүмүүсийн мөнгө бол өснө. Ашиг өгөөжөө өгнө, одоо. Банк байгуулна гэж хоёр жилийн өмнөөс бид ярьж эхэлсэн. Гэхдээ, мэргэжлийн үүднээс харахаар өнөөдрийн бидний явуулж байгаа үйл ажиллагаа бол банкны үйл ажиллагаа. Бид хадгаламж авч байна, карт гаргаж байна, зээл олгож байна, тэтгэвэр, даатгалын бүтээгдэхүүн гаргаад санал болгож байна, хөрөнгө оруулалт хийж байна. Бид банкнаас илүү их юмыг хийж байгаа. Тиймээс бид финтек банк байгуулчихсан гэж хэлж болно. Өнөөдөр бид Грэйп Ситигийн програм хангамжаа аваад, Most Money-д нэгдээд, Сүхдорж гуайтай стратегийн түншлэлийн гэрээ байгуулаад, зөвхөн энэ улсдаа биш бүс нутагтаа, дэлхий дээр өрсөлдөх түншлэлийг зарлаж байгаа. Тэр утгаараа бид зорилгодоо хүрчихсэн. Нөгөө талаас, Хөрөнгө Оруулагч Үндэстэн компанийн хувьцаа Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаад эхэлчихлээ. Манай хувьцаа хамгийн эрэлттэй хувьцаа байгаа, тиймээс би итгэлтэй байгаа. Манай хувьцаа өөрөө хязгаартай. Үүнээс гадна, өнөөдөр банк санхүүгийн салбарт цогцоор нь үйл ажиллагаа явуулж байгаа, хамгийн итгэл даасан менежерүүд удирдаж байгаа байгууллагын хөрөнгө оруулагч болох боломжийг олгож буй цор ганц байгууллага бол Ард Санхүүгийн Нэгдэл. Энэ чинь нөгөө бидний яриад байгаа Ард Банк шүү дээ. Цаашилбал, бид өнөөдөр Зөв Банк болж чадсан. Зөв Банк /ХасБанк/-ны үүсгэн байгуулагч энэ банкийг дахиад үүсгэн байгуулж байгаа учраас бид зөв явах жамтай хүмүүс.

Тэгэхээр банк гэж албан ёсоор нэрлэгдээгүй л болохоос Ард Банк хэдийнэ байгуулагдчихсан гэж ойлгож болох уу?

Тэгж ойлгож болно. Бид өнөөдөр банк гэдэг нэртэй болсноор үйл ажиллагаа болон үйлчилгээний хувьд юм нэмэгдэхгүй, харин эсрэгээрээ зардал өртөг нэмэгдэх, өрсөлдөх чадвар буурах эрсдэл байгаа учраас болгоомжтой хандаж байна. Гэхдээ яг жинхэнэ утгаар нь, хуулийн агуулгаар нь бид хэрэв Төрийн банкны хувьчлал явагдвал, Монгол Шуудангийн сүлжээг ашиглаад банкны үйл ажиллагаа явуулах бололцоо нээгдвэл, эсвэл аль нэг жижиг банк санал тавьбал нээлттэй байгаа.

Та наймдугаар ангийн хөвгүүн байхдаа яг юуг хүсч мөрөөддөг байсан бэ. Тэдгээр мөрөөдөл биелэлээ олсон бол та үүний төлөө хоногийн хэдэн цагийг хэрхэн зарцуулж ирсэн бэ? Энэ асуултыг би хүүдээ зориулж асууж байгаа юм аа.

Би багадаа ном их уншдаг байлаа. Ялангуяа уран зөгнөлт зохиол уншаад ирээдүйн тухай их боддог байсан. Асар хөөрхөн гүнжтэй сууна гэж, сансарт ниснэ гэж, мундаг гоё машинтай болно гэж мөрөөддөг байлаа. Хэтэрхий хийсвэр байгаагүй ээ би, прагматик байсан. Марк, зоосон мөнгө, зураг, ном цуглуулдаг, аквариумны загас тэжээдэг байсан. Миний хувьд 2000 он нэг тийм биетэй, бодтой босго шиг,2000 оныг гарчихаар амьдрал их гоё болох юм шиг санагддаг байсан.Тэгээд энэ он дөхөөд ирэхэд бусад оноос ямар ч ялгаагүй, зүгээр л нэг тоо гэдгийг ойлгосон. Гэхдээ тэр нь гэрэл гэгээтэй ирээдүйн нэг бэлгэ тэмдэг болж байсан болов уу.

Та тэгэхээр сансарт нисэхээс бусад мөрөөдөлдөө хүрчихсэн юм биш үү?

Сансарт нисч болох байх, цаг ч байна. Ричард Брэнсон гэдэг хүнд 250,000 доллар өгөөд нисч болох байх, тэрнээс арай үнэтэй, бас арай хямд хөтөлбөрүүд ч байгаа юм билээ. Тиймээс би үүнийг айхавтар холын мөрөөдөл гэж бодохгүй байна. Ер нь хүн их холын, хийсвэр зорилго тавьчихаар цуцах аюул байдаг. Үүнийг байгууллагын менежментээс ч харж болно.Харин, тодорхой хүч нөөц гаргаад, тодорхой хугацаанд хүрчих боломжтой прагматик зүйлсийг мөрөөдлөө болгож явбал, өөрөөр хэлбэл нэг машин, нэг гүнж, нэг компанийг ч юм уу зорилгоо болгоод явбал бүтчихдэг шиг байна. Гэхдээ зогсохгүй байх ёстой. Цуцаж болохгүй. Бууж өгч болохгүй. Яваад л бай. Миний амьдралын туршлагаас харахад ийм л байдаг. Жишээ нь, би эмэгтэй хүний хойноос хөөцөлдөөд бууж өгч үзээгүй. Хэдэн ч жил болж байсан, юу ч болж байсан бууж өгч болохгүй, хэрвээ тэр зорилгоо зөв гэж бодож байгаа бол. Би ажил бүтээнэ, хийнэ гээдбууж өгч үзээгүй. Бүх зүйл ийм зарчмаар л явж ирсэн. Хөрөнгө Оруулагч Үндэстнийг бүртгүүлнэ, ХасБанкийг байгуулна гээд том зорилгууд байсан, болдог л юм билээ. Хэрвээ чи асар их хүсэх юм бол энэ орчлон чиний төлөө эргэж эхэлдэг. Бүх зүйл хоорондоо хуйвалдаад чиний ажлыг бүтээж, бүгдийг зохицуулж өгдөг, амьдралыг чинь шат шатаар ахиулж өгдөг. Орчлонгийн тэр эргэлтэнд чи орох ёстой. Орчлонгийн энергийг мэдэрч, өөрийн энергийг мэдрүүлчихвэл чи нэг том тааврын шийдэл нь болчихож байгаа юм.

Таны бүх мөрөөдөл биелэлээ олж, сансарт нисэх ч одоо боломжтой болжээ. Харин одоо та амьдралаас юу хүсч байна вэ?

Би их прагматик хүн. Болохгүй, бүтэхгүй зүйлийг би мөрөөддөггүй. Боломжтой зүйлийг бол бодоод, хүсээд явдаг. Монголд өнөөдөр шийдэх асуудал асар их байна. Бид ухаалаг хотод амьдрах ёстой, түгжрэл, бохирдол, утааны асуудлаа шийдэх ёстой. Энэ бол зүгээр л гажиг байхгүй юу, үүнийг бид өөрсдөө бүтээсэн. Манай увайгүй, унхиагүй удирдагчдын хийж бүтээсэн зүйлс. Гэхдээ үүнийг залруулах боломжтой. Тэр унхиагүй нөхдөөс салж, зөв, эерэг манлайлагчдыг гаргаж ирэх ёстой. Тийм цаг үе ирнэ гэж боддог. Би амьддаа үүнийг хийж бүтээхэд оролцоно гэж бодож байгаа. Монгол улс амьдрахад хамгийн таатай орон байх болно, тийм улс гүрэн, хот, орчинг бид бий болгоно. Би үр хүүхдүүддээ тийм гоё амьдрах орчинг үлдээнэ. 

Таны үеийн, амьдралд байр сууриа олсон ихэнх монгол эрчүүд жингийн илүүдэлтэй харагддаг. Тэд фитнест явах завгүй гэж хэлдэг. Харин та ийм их ажлын хажуугаар яаж биеэ сайхан авч явах зав гаргадаг юм бэ?

Хүн өөрийнхөө хийе гэж бодож байгаа зүйлийг чин сэтгэлээсээ хүсэх ёстой. Бас амьдралд ханашгүй байх ёстой. Ханаж болохгүй ганцхан зүйл бол амьдрал. Би энэ амьдралд ханаагүй, илүү их юм суръя, үзье гэж боддог. Яагаад эрүүл чийрэг байхыг, гадаад үзэмжээрээ хэн нэгэнд гологдчихооргүй байхыг хичээдэг вэ гэхээр, би арчаагүй царайлчихаад хүмүүсийг сайханд уриалаад байх нь утгагүй юм. “Өрвийсөн царайтай, халтар, бүдүүн нөхөр өөрийгөө арчилж чадахгүй байж надад юу ярих гээд байгаа юм бэ” гэж намайг хэн нэг нь битгий голоосой гэж бодож байна. Манайхан янз бүрийн шалтаг тоочдог л доо. Өө би өвчтэй, фитнесээр хичээллэх гэхээр энэ өвдөг болдоггүй гэх мэтээр. Тэдэнд хандаж хэлэхэд, тийм юм байдаггүй юм аа, найзууд аа. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгийг хүн болгон тоть шиг давтдаг. Гэхдээ яг энэ үгийнхээ мөн чанарыг ойлгоод, өөрөө өөртөө хяналт тавиад, өөрөө өөрийгөө захиран удирдаад, хүсэл шуналаа барьж зогсоож, өөрийнхөө амьдралыг залуурдаад явж чадаж байгаа бол чи өөртөө цаг гаргана, хийе гэж бодож байгаа бүх зүйлээ хийж амжуулна. Хүмүүс их чухал царайлаад завгүй гэж хэлэхээр миний инээд хүрдэг. Би 1991 оноос хойш янз бүрийн ажил хийж, элдэв хоч зүүх хүртлээ явлаа. Туулсан замнал, хийсэн бүтээсэн зүйлсээ харахаар завгүй царайлаад явах боломжтой. Гэхдээ би зав гаргадаг, кино үздэг, хүүхдүүдтэйгээ зугаалдаг, гадаадад амардаг, цанаар гулгадаг, мотоцикл унадаг, дугуй унадаг, фитнест явдаг, тэр бүхнийхээ тухай зургийг сошиалд тавьдаг. Би ичдэггүй. Яагаад гэхээр би хийх ёстой юмнуудаа хийгээд л явдаг. Би энэ амьдралаас 100 хувь таашаал авч амьдрахын төлөө л байгаа. Би нэг л удаа амьдарна. Нэг л удаа залуу байсан. Нэг л удаа энэ дунд насаа аятайхан өнгөрөөчих санаатай байгаа. Ажил дээрээ харилцахад таатай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээд, ажил хийгээд зовоод шаналаад байгаа юм шиг биш, зугаатай, чөлөөтэй орчин бүрдүүлэхийг хичээдэг. Ажилдаа ирэхдээ залуучууд дуртай байгаасай гэж боддог. Тэр хүмүүс ч гэсэн нэг л удаа амьдарч байна, тиймээс сэтгэх, бүтээх, ажлынхаа үр шимийг амсах боломжтой орчинг бүрдүүлээд, баг хамт олноороо энэ нэг л амьдралдаа амьдарсан шиг амьдраад, хийсэн шиг хийгээд, үр дүнг нь хамтдаа хуваагаад явъя гэдэг философитой. Манай залуучууд маш олон зүйлийг хийж бүтээж чадаж байгаа. Би тэдэнд “Та нар ажлаа ажил гэж битгий бод, хообий гэж бод. Тэгээд ард нийтдээ, энэ улс орондоо өөрийнхөө өгч чадах зүйлийг 100 хувь зориулаад, эргээд харахад харамсахааргүй сайхан ажиллаж амьдар” гэж хэлдэг. Энэ бол миний философи, миний жанжин чиг шугам.

Би үүнээс илүү мөнгөтэй амьдрах боломжтой байсан уу гэвэл тийм байх. Гэхдээ үүнээс илүү аз жаргалтай байх байсан уу гэвэл үгүй. Би зөвхөн өөрийгөө баяжуулах, өөртөө мөнгө хураах зүйл хэзээ ч хийж яваагүй. Тэр утгаараа хамгийн баян хүн гэж хэзээ ч дурсагдахгүй байх. Гэхдээ би үүнд харамсаж байна уу гэвэл үгүй. Би энэ улсын, энэ ард түмний хүү болж төрсний хувьд хийх ёстой, хийж чадах бүхнээ хамгийн дээд хувиар хийгээд, өөрөөсөө гаргах боломжтой бүхнээ 100 хувь гаргаад, хуваалцаад явж байгаа. Жишээ нь, “Дуулиан 2020”, Монголын эдийн засгийн чуулган, КриптоҮндэстэн Чуулга Уулзалт, Хөрөнгө Оруулагч Үндэстэн Хөрөнгийн бирж дээр гарсан явдал, зөв банк гэж нэрлэгдэж байсан ХасБанк, одоо Ард Банк байна. Би үргэлж хэлсэн ярьсандаа эзэн байдаг. Би Монголынхоо төлөө, монголчуудынхаа төлөө ажиллаж, амьд байгаа дээрээ арай илүү болгочих юмсан, нэг шатаар ахиулчих юмсан л гэж боддог.

Хоногийн 24 цаг хүрэлцэхгүй бачимдах тохиолдол танд гарч байсан уу?

Гаралгүй яах вэ. Гэхдээ бачимдаад байх зүйл энд байхгүй шүү дээ. Амьдрал богинохон юм чинь, юунд ч стресдэх хэрэг ёстой байхгүй. Залуучуудад би ингэж л зөвлөдөг. Чиний өнөөдрийн амьдрал өнөөдрөөрөө өнгөрөөд, дахиад давтагдахгүй. Тийм учраас чи нэг ч гэсэн мөчийг аз жаргалгүй, шаналалтай өнгөрөөх хэрэггүй. Шаналлаа гээд асуудал шийдэгдэхгүй, аз жаргалтай болохгүй. Үүний оронд, за бүр хийх юм байхгүй бол гудамжаар сайхан инээмсэглээд алхахад дотор чинь сайхан болно, асуудал чинь шийдэгдэхгүй ч ядахдаа чи амьдралынхаа нэг мөчийг шаналалгүй, аз жаргалтай өнгөрөөж байна шүү дээ. Яагаад гэхээр, чи шаналсан ч бай шаналаагүй ч бай чиний халаасанд мөнгө нэмэгдэхгүй, чиний мэдлэг нэмэгдэхгүй. Харин чи хэн нэгэн рүү инээмсэглэн харснаар магадгүй тэр хүн чамд сайхан санаад дурлачих ч юм уу, тэгээд чиний амьдралын хань байх ч юм уу, эсвэл нэг ажил олгогч чинь ч байх юм уу, чиний амьдралд хөрөнгө оруулалт хийх хүн ч байх юм уу, тэгээд чамд татагдаад боломж нээгдэж ч болно. Чи муухай царайлаад, шаналаад, өөрийгөө өрөвдөөд, гоншигоноод явах юм бол амьдралын тэр боломжууд чинь хаагдчихна. Ядуу хүн яагаад ядуу байдаг вэ гэвэл ядуу хүн дандаа стрестэй байдаг учраас ядуу байдаг гэсэн онол бий. Ялагдах, бачимдах явдал хүн болгонд л тохиолдоно шүү дээ. Цөхрөөд, толгойгоо унжуулаад, бууж өгөөд байж болохгүй.

Ихэнх тохиолдолд мөнгө хүнийг эвддэг гэдэг. Харин мөнгөтэй болсон ч хүнээрээ үлдэхийн тулд ямар байх ёстой юм бол?

Амьдралаа, зорилгоо бүрэн дүүрэн ойлгочихсон байх ёстой. Амьдралын зорилго бол маш энгийн. Аз жаргалтай байх. Мөнгө хүний зорилго болж болохгүй. Далай лам хэлсэн байдаг, “Би хүн гэдэг амьтныг ойлгохгүй юм. Хамаг сайхан залуу насаа мөнгө хийхэд зориулчихаад, өтөлснийхөө дараа нөгөө цуглуулсан мөнгөө буцаагаад эрүүл болоход зориулдаг” гэж. Мэдээж хүн мөнгийг олох ёстой, гол нь аз жаргалтай байх ёстой. Би өнөөдөр 45 настай. Миний 45-тай байх нэг жил бол миний амьдралын хамгийн аз жаргалтай, сайхан үе байх ёстой. Үүний төлөө л би амьдарч байгаа. Би хүүхдүүддээ маш сайхан дурсамжуудыг үлдээх ёстой. Ирээдүйд эргэж хараад “Хамгийн аз жаргалтай бага насыг би өнгөрүүлж чадсан шүү” гээд аав ээждээ тэд талархан бодох ёстой. Мэдээж зөв сайн хүн болох үндсийг нь тавьж өгөх ёстой. Хэн байх нь, ямар боловсролтой байх нь хамаагүй. Аз жаргалтай, зөв хүн байх л чухал.

Ямар боловсролтой байх нь хамаагүй гэж үү?

Тэд өөрсдөө л шийднэ биз. Би бол өгөх ёстой боловсролыг нь өгнө. Сайн сургуулиудад нь явуулна. Англи, орос, хятад хэлтэй болгоно. Би боломжийг нь гаргаж өгнө, харин тэд өөрсдөө амьдралынхаа сонголтыг хийх ёстой. Өөрөө сонголтоо хийнэ гэдэг чинь л амьдрал байхгүй юу. Эрх чөлөөтэй байна, сонголтоо өөрөө хийнэ, тэгээд аз жаргалтай байна. 

Магадгүй та Ард Банкаа үр хүүхдүүддээ өвлүүлмээр санагдаж болох юм. Яагаад гэвэл та үүнийг бүтээж босгохын төлөө эхнээс нь зүтгэсэн. Гэтэл таны хүүхэд өвлөхийг хүсэхгүй байвал та банкаа хэнд даатгах вэ?

Бид бүгдээрээ л эзэн шүү дээ. Одоогоор 3,000 хувьцаа эзэмшигч байгаа. Тэднийгээ 30,000, 300,000 болгоно. ТэгэхээрАрд Банкаа монголын ард түмэн өвлөөд, өлгийдөж аваад, өөрийнхөө хүүхэд гэж үзэн бөөцийлж хайрлаад, хамгийн сайн, хамгийн ашигтай, хамгийн том банк болгох ёстой. Энэ зөвхөн миний юм биш. Би гаднаасаа нэг их шуналтай харагддаг байж магадгүй л дээ. Гэхдээ би эдийн шуналтай байсан бол өдийд нэг банк ч юм уу байгуулчихаад тэрийгээ тэврээд алалцаад сууж байх байсан. Харин би тийм баймааргүй байна. Монголчууд намайг зөвхөн нэг л юмаар битгий санаасай гэж бодож байна. Тэгээд ч намайг ганцхан энэ банкаар биш, зөндөөн олон юмаар санах болно гэдэгт би итгэлтэй байна, жаахан онгирчихъё. Намайг хэн ч нэрэлхүү гэж, даруухангэж хэлж байгаагүй. Харин хүмүүс онгироо гэж хүлээж авдаг байх, тиймүү. Гэхдээ надад онгирох зав байхгүй, даруухан тэнэг царайлаад суух ч зав байхгүй. Би болж байгаа юмнуудаа хэлээд л явна, тэр хүмүүс намайг онгироо гэж бодно уу, тэнэг гэж бодно уу, надад пад байхгүй. Яагаад гэвэл би өөрийнхөө амьдралаар амьдарч байна.

Би тодорхой нэг хүнд таалагдах гэж амьдардаггүй, өөртөө л таалагдах гэж амьдардаг. Энэ бол миний амьдралын зарчим. Би хэн нэгэнд муу юм хийхгүйгээр, орой гэртээ хариад орондоо орчихоод “За би ч ёстой тэнэг юм хийчихлээ, тэр хүнийг гомдоочихлоо” гэж харамсаж шаналахгүйгээр амьдаръя гэж боддог. Харин хэн нэг хүн энэ зарчмыг маань олж харахгүй, үгээгүй тэнэг бол бурхан өршөөг гээд би тэр хүнийг амьдралаасаа хасаад явдаг.

Хүмүүс амжилтынхаа түүхийг ярина уу гэхээс бүтэлгүйтлийнхээ тухай ярих дургүй байдаг. Ялангуяа олон нийтэд. Гэхдээ, залуучуудад сургамж болох, амьдрах хүч өгөх үүднээс та өөрт тохиолдсон бүтэлгүйтлийн түүхээс, үүнийг хэрхэн даван гарч өнөөдөрт хүрсэн тухайгаа хуваалцах боломжтой юу?

Миний амьдралд маш олон бүтэлгүйтэл, бизнесийн дампуурал, алдаа дутагдлын түүх бий. Энэ бүхнийг хүмүүс мэддэггүй, намайг анхнаасаа л тэнгэрийн умдаг атгаад төрчихсөн гял цал нөхөр гэж ойлгодог шиг байгаа юм. Миний олон бүтэлгүйтлийн нэг том жишээ болминий хүү байна, 20 настай Дашка гээд. Өнөөдөр хүү маань амьд сэрүүн ч юм шиг, үгүй ч юм шиг, сонин хоёрдмол амьдралыг туулж байна. Би тэр хүүхдэд тийм амьдрал өгсөндөө өнөөдөр харамсаад, өөрийгөө өрөвдөөд, гудамжинд тэврээд гуйлга гуйгаад сууж байвал миний бусад хүүхдүүд, миний эхнэр, гэр бүл, миний ээж, ахан дүүс, энэ хамт ажиллаж байгаа хүмүүсийн амьдрал арай жаахан өөр байх байсан болов уу. Би зөвхөн тэр хүүхдэдээ л фокус өгсөн бол миний өнөөдрийн босгосон зүйлс байхгүй байх байсан.Нэгэнт би өөрөө үүнийг өөрчилж чадахгүй учраас хувь тавилантайгааэвлэрээд цаашаа явж байна. Цаашаа явна гэдэг нь хаяад явна гэсэн үг биш. Би тэр хүүхдийг халамжлаад, хангаад өдий хүрлээ. Гэхдээ Дашкагийн маань гашуун зовлон миний бусад хийх юманд ташуур болж өгсөн үү гэхээс садаа болоогүй. Ийм эмгэнэлтэй амьдралтай олон зуун хүмүүсийн зовлонг жаахан нимгэлэх юмсан гэсэн зорилгыг, зоригийг надад өгч чадсан. Тийм явдал дахиж гаргахгүй, эмч нарын хариуцлагатай байдлыг хангахын төлөө тэмцэх сэдлийг надад бас Дашка маань өгсөн. Хамгийн гол нь би янз бүрийн бүтэлгүйтэл, зовлонгоо хүмүүст харуулдаггүй, өөрөө энэ тухай бодоод байдаггүй, цаашаа явдагт л байгаа юм. Тэгэхээр, хүн бүтэлгүйтлээс ер нь яаж гарах ёстой юм, яаж сэтгэл санаагаа удирдах ёстой юм, яаж сэтгэлийн хаттай байж амьдралын хүнд хэцүү сорилтуудыг ноён нуруутай даван туулаад цааш амьдрах ёстой юм гэдэг дээр залуучууд маань бодолтой байх хэрэгтэй. Өөрийгөө өрөвдөөд, урвайж унжийгаад, гоншигоноод байвал амьдрал чинь бүтэлтэй байх юм уу, эсвэл бүх зүйлийг өөдрөгөөр хараад, өөрийгөө дайчилж байвал илүү сайхан амьдрах уу гэдгийг миний амьдралаас харж болох байх.

Улс орны болон хувь хүний хөгжил гэж яг юуг хэлэх тухай таны бодлыг сонсмоор байна?

Бид бүх юмыг харьцангуй байдлаар харах хэрэгтэй л дээ. Хүний амьдрал гэж өөрөө юу юм, амьдралын зорилго нь юу юм, ер нь бид яах гэж амьдардаг юм гээд утга учраа эхэлж тодорхойлчихоод, дараа нь гэр бүл, хамт олон, найз нөхөд, нийгэм, улс гүрэн, хүн төрөлхтөн, дэлхий ертөнц гээд түвшин түвшинд нь авч үзэх хэрэгтэй байх. Хамгийн гол нь хүн аз жаргалтай л амьдрах ёстой. Өнөөдөр хүмүүс жаргалгүй байна, энэ нь ядуурал, утаа, түгжрэлээс болж байна гээд хэвлэл мэдээллээр ярьж байна. Тэгвэл мөнгө тараагаад хүн аз жаргалтай болдоггүй юм байна гэдгийг 2012 оны сонгуульд ялагдсан Ардын нам ойлгоо байлгүй, тэрний дараа 2016 онд Ардчилсан нам ойлгоогүй учраас мөнгө тараах гэж байгаад ялагдсан. Тэгээд манай М.Энхболд дарга мөнгө тараагаад ч ялж болдоггүй юм байна гэдгийг сая дахиад баталсан. Тэгэхээр, тэр мөнгийг аваад бид яавал аз жаргалтай, сэтгэл хангалуун, бусад улстай харьцуулахад илүү баян, илүү бүтээлч, илүү цэвэр, Швейцар, Норвеги шиг гоё амьдралтай улс болох вэ? Засмал зам, төмөр зам, цахилгаан станц баръя, эсвэл агаарт 18 тэрбум төгрөг зарцуулъя гэхээсээ илүү бид боловсролдоо, хүнийхээ суурь хүмүүжил рүү анхаарах ёстой болж байна. Тэр боловсролтой, мэдлэгтэй, өөртөө итгэлтэй, өрсөлдөх чадвартай,зөв, эерэг, хүчтэй, зоригтой хүн нь гарч ирээд зөв сонголтуудыг хийж, энэ хомс хүч, нөөцийг зөв хуваарилж, зөв сектор руу нь чиглүүлээд явах байх л даа. Бид зөв үгийг хүүхдийнхээ зүрх сэтгэл, оюун ухаанд шингээж чадаж байж маргаашийн сайхан нийгмийг цогцлоох боломжтой. Тэгэхээр манлайллаас л хамаг зүйл эхлэх болов уу.

Та газрын баялагаа ухсанаас тархины баялагаа ухвал улс орон илүү зөв хөгжинө гэж ярьдаг. Гэхдээ монголчуудын сэтгэхүйд тийм соёл буй болох хүртэл хэр их хугацаа шаардагдах бол?

Тархины баялгийг ухахын тулд тэнд нэг үр тариа тарьсан байх ёстой. Тэр үр тариаг тарихыг л би уриалж байгаа. Хэлж яриад дутуу орхисон зүйл надад байдаггүй. Би зөвхөн ярьдаггүй, ярьсан болгоноо хийдэг. Тэр утгаараа надад итгэлтэй байж болно.

Хэзээ нэгэн цагт Монгол Улс дэлхийн талыг эзэлж байсан үеийнх шигээ хүчирхэгжинэ гэдэгт та итгэдэг үү?

Монголчууд дэлхийг дахин байлдан дагуулна гэдэгт би итгэдэг. Гэхдээ мэдээж арай өөр түвшинд, арай өөр аргаар үүнийг хийнэ. Олон улс, дэлхий ертөнцөд монголчууд бид ингэж амьдарч чадаж байна шүү гэдгээрээ үлгэрлэн манлайлах боломжийг блокчэйн технологи бидэнд нээж өгч байна. Засгийн газар, бодлого тогтоогчид үүнээс санаа аваад ажил үйлдээ тусгаад явж болно. Гэхдээ тэд сонссон сонсоогүй, хийсэн хийгээгүй бид өөрсдөө хийх л болно.

Та тэгэхээр хүчирхэг Монголыг үзэх зорилгодоо хүрэхийн тулд жаахан урт наслах л хэрэгтэй юм байна даа?

Богино хугацаанд л цөмөөрөө хийе л дээ.

Эх сурвалж: RedHero Business сэтгүүл 2017/12 №1

« Буцах