АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГ: ЗАСАГЛАЛЫГ ЗӨВ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДСАН КОМПАНИД ИХЭЭХЭН ДАВУУ ТАЛ ҮҮСДЭГ

pic

Туршлага

Ч.Ганхуяг нь 1993-1997 онд Унгар улсын Будапешт хотын Эдийн засаг, төрийн захиргааны их сургууль төгссөн. 1997-2006 онд АНУ, Египет, Бангладеш, ХБНГУ зэрэг улсад санхүүгийн менежмент, удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх чиглэлээр тусгай дамжаануудад суралцаж мэргэжил дээшлүүлсэн.

Ч.Ганхуяг нь 1991-1993 онд Монгол Улсын Хөрөнгийн биржийн брокероор ажлын гараагаа эхэлж, 1997-1998 онд Монголбанк (Төв банк)-ны хянан шалгагч, 1998-1999 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн МикроСтарт төслийн санхүүгийн менежер, 1999-2001 онд Хөгжлийн Алтан Сан ХХК-ийн Үйл ажиллагааны менежер, Гүйцэтгэх захирлаар ажилласан. 2002-2009 онд ХасБанкны Гүйцэтгэх захирал, 2009-2010 онд ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2010-2012 онд Сангийн Дэд сайд, 2012-2014 онд И Ай Ти ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2014 оноос өнөөг хүртэл Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх захирлын алба хашиж байна.

 

Танай байгууллагыг Монголд анх удаа хувийн хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр амжилттай ажиллаж, хурдтай өсөж байгаа санхүүгийн нэгдэл гэж ойлгодог. Таныг монголчууд бүгд мэднэ. Ийм амжилтанд хүрэхэд таны удирдах арга барил, хичээл зүтгэл шингэсэн нь ойлгомжтой. Санхүүгийн бусад нэгдэл, хөрөнгө оруулалтын банкуудаас ялгарах танай байгууллагын онцлог юу вэ?

Бидний философи бол маш энгийн. Монгол хүн хийж бүтээсэн, босгосон зүйлийнхээ эзэн нь байх ёстой гэдэг зүйл дээр төвлөрсөн. Тийм ч учраас би өмнө ажиллаж байсан ХасБанк, одоогийн удирдаж байгаа Ард Санхүүгийн Нэгдэл компанид хийж бүтээсэн, байгуулсан, гар бие оролцсон хүмүүс нь эзэн нь байх ёстой гэдэг энгийн зарчим барихыг хичээж байна. ХасБанкны ажилтнууд миний санаачилгаар Монгол Улсдаа анх удаа ажилтнуудын хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, банкны 700 гаруй ажилтанд хувьцаа эзэмшүүлж байсан. Үүнээс гадна тухайн байгууллагын үр өгөөж, үйлчилгээг хүртэж байгаа мянга мянган хүмүүс яагаад хувьцаа эзэмшиж болохгүй гэж? Бүтээгдэхүүн, үйлчилгээг нь авдаг байгууллагынхаа эзэн нь байж, үр ашгийг нь хуваалцаж, үйл ажиллагаанд нь хяналт тавиад явах нь тухайн байгууллагаар дахин дахин үйлчлүүлэх, өөриймсөг сэтгэлгээ бий болгоход чухал ач холбогдолтой. Ингэснээр бид зах зээлийн энэ ширүүн өрсөлдөөнд ялах, бусдаас ялгарах боломж гарна гэдэгт итгэдэг.

Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд бид маш чадварлаг хамт олон бүрдүүлж чадсан. Залуустаа бүгдэд нь ижил боломж олгож, тэдэнд итгэл хүлээлгэн ажиллаж байна. Мөн зөвхөн өдөр тутмынхаа ажлыг хийгээд зогсохгүй өөрсдийгөө байнга хөгжүүлэх, шинэ санаа, санаачилга гаргаж ажиллахыг уриалж, тэр бүхнийг дэмжиж ажиллахыг хичээдэг.

Таны өдөр тутмын ажлын ихэнх хувь нь хүмүүстэй харилцах ажил байдаг. Мэдээж тантай харилцаж байгаа хүмүүс өөрөөс тань авсан үүргээ чанартай биелүүлэх, харилцагчид тань тантай байгуулсан гэрээний үүргээ хэрэгжүүлэх гэхчлэн комплаенстай холбоотой асуудал их байдаг. Танай байгууллагын хувьд комплаенс ямар ач холбогдолтой вэ?

Комплаенс гэдэг нь бизнесийн салбарт шинэ зүйл биш л дээ. Манайд саяхнаас ихээхэн ярьж эхэлсэн. Уг нь хөрөнгийн зах зээл нь зөв голдрилоор хөгжсөн, сахилга бат, хариуцлагыг чандлан дээдэлдэг газар комплаенс буюу манайхны “эрх зүйн хянан нийцүүлэлт" гэж орчуулдаг ойлголтыг өргөн дэлгэр хэрэглэдэг. Энэ нь компанийн зөв засаглалтай зайлшгүй холбогддог ойлголт. Товчхондоо бол бизнесийнхээ үйл ажиллагааг өнөөдөр үйлчилж байгаа хууль, дүрэм, журамд ягштал нийцүүлж явах хариуцлага гэж ойлгож болно. Бид комплаенс хариуцсан албан тушаал бий болгож, энэ ажлын байранд хуульч мэргэжилтэй хүн ажиллуулдаг. Бид ойрын хугацаанд Монголын хөрөнгийн бирж дээр гарах зорилт тавин ажиллаж байгаа. Тийм ч учраас хариуцлагын асуудалд нэлээд анхаарч, бүртгэлтэй компанийн адил хариуцлагын тогтолцоо бий болгон ажиллаж байна. Бид хөрөнгө оруулагч, харилцагчдадаа өөрсдийн үйл ажиллагааг байнга тайлагнаж, мэдээ мэдээллээр ханган, үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллахыг хичээдэг. Хувьцаат компанийн хувьд комплаенс гэдэг асуудал үүнээс эхлэх болов уу. Гэтэл өнөөдөр манай хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй мөртлөө тайлангаа олон нийтэд танилцуулдаггүй, үйл ажиллагаа нь бүрхэг, мэдээллийн урсгал нь хаалттай компаниуд байсаар байна. Тэдэнд хариуцлага тооцох ажил ч сул хэвээр байна.

Нөгөө талаар танай хөрөнгө оруулсан компани манлайлагч байж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, сайн засаглалтай байх нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлдэг. Хууль журмын хэрэгжилтийг хангуулахад чиглэсэн комплаенс удирдлагыг танайх нэвтрүүлж байгаа гэж сонссон. Энэ талаар манай уншигчдад сонирхуулна уу.

Засаглалын асуудал бол компанийн хувьд зайлшгүй чухал асуудал. Засаглалыг зөв, зохистой хэрэгжүүлж чадсан компанид ихээхэн давуу тал үүснэ. Бидний хувьд зохистой засаглал бүрдүүлэхийн төлөө анхнаасаа анхаарч ирсэн. Хувьцаа эзэмшигчид, ТУЗ, ТУЗ-ийн хороод, гүйцэтгэх удирдлагын гэхчлэн бүхий л шатандаа эрх мэдлийн хуваарилалтыг зөв зохистой хийж, хяналтын тогтолцоог зөв бүрдүүлснээр хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж байдаг. Бид хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргасан аж ахуйн нэгжүүд, тэр ч байтугай хамгийн их хяналттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг банкууд хүртэл дампуурч, хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид нь оруулсан хөрөнгөө алдсан гашуун түүхийг даван туулж, гэрч нь болсон. Энэ бүхэн засаглалтай шууд холбоотой. ТУЗ нь бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцдог, гүйцэтгэх удирдлага нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигладгаас болж хөрөнгө оруулагчид эцэст нь хохирно. Өнөөдөр төрийн өмчийн болон төрийн оролцоотой компаниудад энэ байдал бас л анхаарал татаж байна. Уг нь компанийн хуулиа мөрдөөд, СЗХ-ноос гаргасан Компанийн засаглалын кодексыг үйл ажиллагаандаа мөрдөөд явбал хэн ч энэ асуудлыг хялбархан даваад гарчихна.

Санхүүгийн зах зээлд ажилласан нөр их туршлагатай хүний хувьд хөрөнгө оруулсан компаниудын эрсдэлийг бууруулж, өгөөжийг өндөр байлгахад их анхаарч ажилладаг болов уу. Танайх комплаенс удирдлага нэвтрүүлснээр ямар эрсдэлийг бууруулахад голлон анхаарч байгаа вэ?

Комплаенс удирдлага биш, комплаенс тогтолцоо гэж ярих нь зүйтэй болов уу. Энэ нь тухайн бизнесийг хууль, эрх зүйд нийцүүлж явуулах, үүнтэй холбогдон гарч болох бүхий л эрсдэлээс хамгаалах тогтолцоо юм. Нэг ёсондоо хяналтын тогтолцоо гэсэн үг. Хувьцаа эзэмшигчид, ТУЗ-өөс гаргасан шийдвэр тухайн компанид хэр хэрэгжиж байгаа, компанийн гүйцэтгэх удирдлага бизнесээ урагшлуулахдаа ямар нэг хууль зөрчиж байгаа эсэхийг комплаенс тогтолцоо нэвтрүүлснээр хянаж болохын дээр үйл ажиллагаандаа учирч болох эрсдэлүүдийг ч урьдчилан харах боломж бүрддэг. Мөн алдаа гарсан бол аль болох хурдан засаж залруулах, холбогдох арга хэмжээ авах шаардлагатай юм. Хяналтын тогтолцоог зөв бий болгосноор энэ бүх шаардлагыг бүрэн хангах боломжтой.

Энэхүү тогтолцоог цаашид улам боловсронгуй болгохын тулд юунд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

Бид зөвхөн хуульчилж баталсан "тоглоомын дүрэм"-ийг дагахаас гадна түүнээс илүү ихийг хийж, хөрөнгө оруулагчдынхаа өгөөжийг зөв замаар нэмэгдүүлэн, баялаг бүтээн ажилладгийг маань манай үйл ажиллагааны нээлттэй байдал харуулдаг болов уу. Хэдийгээр зах зээлийн өрсөлдөөн өндөр ч манай баг, хамт олон Хөрөнгө Оруулагч Үндэстэн гэх ойлголтыг шударгаар түгээсээр байх болно. Бид бүгдээрээ хүчтэй. Хамтдаа байж чадвал илүү хүчтэй байдаг гэдэгт бид итгэдэг.

 

Санаа

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээг нь авдаг байгууллагынхаа эзэн нь байж, үр ашгийг нь хуваалцаж, үйл ажиллагаанд нь хяналт тавиад явах нь тухайн байгууллагаар дахин дахин үйлчлүүлэх, өөриймсөг сэтгэлгээ бий болгоход чухал ач холбогдолтой.
  • Бид хөрөнгө оруулагч, харилцагчдадаа үйл ажиллагаагаа байнга тайлагнаж, мэдээ мэдээллээр ханган, үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг хичээдэг. Хувьцаат компанийн хувьд комплаенс гэдэг асуудал үүнээс эхлэх болов уу.
  • ТУЗ нь бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцдог, гүйцэтгэх удирдлага нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигладгаас болж хөрөнгө оруулагчид эцэст нь хохирно. Өнөөдөр төрийн өмчийн болон төрийн оролцоотой компаниудад ийм байдал бас л анхаарал татаж байна.

 

Шийдэл

  • Хувьцаа эзэмшигчид, ТУЗ, ТУЗ-ийн хороод, гүйцэтгэх удирдлагын гэхчлэн бүхий л шатандаа эрх мэдлийн хуваарилалтыг зөв зохистой хийж, хяналтын тогтолцоог зөв бүрдүүлснээр хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж байдаг.

Эх сурвалж: “Сайн засаглал” сэтгүүл 2017 №2

« Буцах