“Аппрентис Монгол” шоуны тухай

pic

Г.Орхон
АНУ-д анх зохион байгуулж байсан “Аппрентис” шоу нэвтрүүлэг 17 жилийн дараа монголчуудыг нэгтгэлээ. Нэвтрүүлэгт оролцохоор хүсэлтээ өгсөн 1000 гаруй залуусаас шигшигдсэн шилдэг 14 залуу шоуны эцсийн шатанд өрсөлдсөн. Зохион байгуулагчдын зүгээс эдгээр залуус үнэхээр зорилготой, зоригтой, зогсолтгүй байж чадсаныг онцолсон. Гурван сарын турш үргэлжилсэн уг төсөл нь бизнесийн салбарынханд чамгүй сургамж, анхааруулгыг өгч чадсан бөгөөд тэр дундаа залуучууд, захирлууд ирж буй эрин зуунд ямар байх зүг чигээ олж харсан нь дамжиггүй.

Гүйцэтгэх захирал гэж хэн бэ, өнөө цагийн CEO ямар ур чадвар эзэмшсэн байх ёстой, цаашлаад шинэ үеийн технологийн зууны залуус ямар мэдлэг боловсрол эзэмшсэн байх ёстойг харуулж чадлаа. Нөгөө талаас бизнесийн байгууллагууд боловсон хүчнээ бэлтгэх, багаа бүрдүүлэхдээ ажилтнуудын ур чадварт тавьдаг босгоо хэрхэн, ямар шалгуурыг чухалчлан өндөрсгөж, улмаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх үндэс суурийг олж харсан болов уу.  Мөн орчин үеийн менежерүүд дэлхийн төвшинд өрсөлдөхөд ямар ур чадваруудыг эзэмших хэрэгтэй, зорилготой хүн хэрхэн амжилтад хүрдэг, энэ цагийн бизнесийн байгууллага ямар байх ёстойг таниулж чадсанаараа “Аппрентис Монгол” нь хувийн хэвшлийнхэнд үнэ цэн өгсөн төсөл боллоо.

“Монгол HD” телевизийн гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнийн хэлсэнчлэн та бизнесийн эзэн байх нь заавал өөрөө захирал нь байх ёстой гэсэн үг биш. Таны бизнесийг удирдаад явах чадварлаг, мэргэшсэн, мэдлэгтэй залуус бий. Тийм ч учраас Монголын хамгийн шилдэг менежментийн удирдах ур чадвар бүхий залуусыг хэрхэн шалгаруулах талаар маш их судалсны дүнд энэ шоу контентыг сонгосон аж.

Нэвтрүүлгийн оролцогчдын даалгавар сорилтууд нь бизнес эрхлэхийн жаргал, зовлонг үзэгчдэд сайтар таниулсан гэдгийг онцлох нь зүйтэй. Ялангуяа, залууст хэн хүссэн нь захирал болж чаддаггүйг ухааруулсан. Хэрвээ бизнесийн авьяас байгаа бол, бизнесийн чиглэлээр сурч, номын дуу сонссон бол тэрхүү авьяас мэдлэгээ улам хөгжүүлэн тэлж, өөрийгөө бэлтгэхийн сайн жишээг Ц.Бархас оролцогч харуулав. Тэрбээр дотоод, гадаадад сурч, ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч, ирээдүйд маш сайн гүйцэтгэх захирал болох мөрөөдлийнхөө төлөө өөрөөс хамаарах бүхнээ хийж, өөрийгөө бэлтгэж, хөгжүүлж ирснээ хэлсэн.

“Монгол HD” телевизийн удирдлагууд “Аппрентис Монгол” шоуны гол хүн Чэйрмэнийг зөв сонгосон. Оновчтой анализ дүгнэлт хийж, туршлага, мэдрэмж, дата дээр тургуурлан шийдвэр гаргаж буй Ч.Ганхуяг захирал бизнесийн шоуг жинхэнэ утгаар нь төгөлдөржүүлж өгсөн.

1990-ээд оноос бизнест хүч үзсэн Чэйрмэний алдаа оноо, туршлага өнөөдөр түүнийг улам хүчирхэг болгосоор байна. Анхлан Хөгжлийн алтан сан, улмаар ХАС банкийг байгуулан Монголын банкны салбарт зөв засаглалтай банкны бүтцийг бий болгохын төлөө явж ирсэн бол өнөөдөр блокчэйн технологид суурилсан Монголын анхны урамшууллын оноо болох Ард Койныг гарган, финтекийн салбарт хувьсгал хийгээд буй Ард санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулж, тэрбээр зорилготой, зоригтой, зогсолтгүй захирал гэдгээ батлаад явж байна. Тэрбээр зөвхөн энэ шоугаар зогсохгүй ажил амьдрал дээрээ олон залуусыг үлгэрлэн ажиллаж, залуусыг оюун санааны хувьд нэгтгэж, бизнесийн салбарт амжилттай ажиллахын зам мөрийг нь зааж өгсөөр буй Чэйрмэн юм.

“Аппрентис Монгол” шоу нь бизнесийн салбарт хөгжлийн шинэчлэл хийж, удирдлага захирлуудын ойлголтыг шинэчлэн өөрчилсөн, шинэ эриний манлайлагч, менежерүүдийг бэлтгэн төрүүлэхийн ач холбогдлыг ойлгуулсан, залууст урам зориг, хүч өгсөн, улмаар нийгэмд эерэг хандлага төрүүлсэн төсөл болж өндөрлөлөө.

Тус шоу нь орчин үеийн захирлууд дараах ур чадваруудыг эзэмшсэн байх ёстойг харууллаа.

  1.  Зөв хандлага
  2. Харилцааны өндөр ур чадвар
  3. Бизнесийн мэдлэг боловсрол
  4. Хэлний өндөр мэдлэг
  5. Технологийн мэдлэг 
  6. Хурдтай ажиллах чадвар
  7. Багийг удирдах ур чадвар
  8. Гүйцэтгэлийн ур чадвар
  9. Биеэ зөв авч явах чадвар
  10. Сэтгэл хөдлөлөө хянах чадвар

Шоуны ялагч Ц.Бархас Ард санхүүгийн нэгдлийн охин компанийн гүйцэтгэх захирлын ажилдаа хэдийнэ орсон. Жилийн 200 сая төгрөгийн цалингийн гэрээ байгуулж, 10 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөтэй компани хүлээлгэн өгснөө Ч.Ганхуяг захирал мэдэгдээд буй. Мөн бизнесийн наадамд ялсан “бөхөө” Lx-570 машинаар шагнасан тухайгаа онцлон хэлсэн. Ард санхүүгийн нэгдлээс Ц.Бархас захирлын ажиллах орчин нөхцөлийг ийн бүрдүүлж өгсөн. Харин одоо түүний ажиллах цаг.

 

« Буцах