АрдКойн эрсдэлтэй & эрсдэлгүй

pic

Ш. Адъяамаа
Блокчэйнд суурилан хийгдсэн Монголын хамгийн анхны бүтээгдэхүүн болох АрдКойны үнэлгээ нь өнөөдөр хагас тэрбум ам.долларт хүрэв. Ард койны араас хүмүүс шуурч хөрөнгийн зах зээлийг сонирхож байгаа энэ  цаг үед АрдКойныг тойрсон эргэлзээ, хардлага ч байна. Ардкойны хувьцаа хөрөнгийн зах зээлийг донсолгосон нь “Аппрентис” шоутай холбоотой хий хөөс гэж харах ч нэг хэсэг байна. Гэтэл нөгөө хэсэг нь энэхүү урамшууллын оноотой болохын тулд амьдарч буй байраа хүртэл  барьцаанд тавьсан байх жишээний. Мэдээж шинэ юм бүхэн эргэлзээ дагуулдаг. Үнэн, худлыг цаг хугацаа харуулна.

Монголбанкны өгсөн тайлбараар “Ард кредит ББСБ-ын Ard Cash үйлчилгээнд цахим мөнгөний зөвшөөрөл олгосон. Энэхүү зөвшөөрөл нь АрдКойн урамшууллын оноо, түүнийг арилжаалах үйл ажиллагаанд  хамааралгүй тул Монголбанкнаас гаргасан Цахим мөнгөний журмаар АрдКойнг зохицуулахгүй гэж мэдээлжээ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан мэдэгдэлд “Койн, криптовалютийг дижитал бирж, дижитал банк гэх арилжааны системээр дамжуулж худалдах, худалдан авах боломжтой ба ирээдүйд үнэ цэн өснө гэх зэргээр олон нийтийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, эрэлтийг бий болгох нь эргээд иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгох эрсдэлтэй юм” гэдгийг анхааруулсан.

Харин “Ард санхүүгийн нэгдэл” компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа “Хөрөнгийн зах зээл 30 жил унтаа байдалтай байсныг би сэрээж байгаа юм. Цахим түйвээлт явагдаж байна. Энэ түйвээлтийг эсэргүүцээд нэмэргүй. Бид хүмүүсийн өмнөөс биткойнд хөрөнгө оруулалт хийгээд эрсдэлийг нь удирдаж байна шүү дээ. Өмнө нь хүмүүс өөрсдөө орохоор алдаад байсан. Энэ нь асар том хүлээлтийг үүсгэж байгаа. Хүмүүсийн эрсдэлийг бууруулж өгч байна гэсэн үг. Биткойн, ардкойн, банк руу ч орсон мөнгөө алдах эрсдэлийг нь би биеэрээ хамгаалж орж байна гэсэн үг. Өнгөрсөн 30 жил хэдэн луйварчид урдуур нь орж хувьцааг нь үнэгүйдүүлж мөнгийг нь алдуулсаар байгаад итгэхээ больчихсон байсан үеийг би эцэслэж байна” гэсэн тайлбарыг өгчээ.

Тиймээс энэ долоо хоногийн VS буландаа хөрөнгийн зах зээлийг донсолгосон АрдКойны талаарх талуудын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.

“АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГ:

-Хөрөнгийн зах зээл 30 жил унтаа байдалтай байсныг би сэрээж байгаа юм. Нэг талаас сэргэх процесс явагдаж байна. Нөгөө талаас дэлхийд технологийн асар том хувьсгал явагдаж байгаа. Уг технологийн хувьсгалд монголчууд оройлж оролцоно гэж би гурван жилийн өмнө зарласан. Энэ блокчэйн технологи руу шилжих хувьсгалаас өмнө нь аж үйлдвэрийн хувьсгалаас хоцорсон шиг хоцорч болохгүй гэж зарлаад ажиллаж эхэлсэн. Өнөө цагт хүний оролцоо бага, зайнаас ажилладаг компаниуд хожиж байгааг бид харж байна. Манайх салбар байхгүй, үндэсний хэмжээний компани юм. Бүх үйлчилгээг апп дээрээ тавьдаг. Зарим бүтээгдэхүүнээ Монгол шуудангийн салбаруудаар явуулаад, мөн цахим худалдаа эрхэлж байна. Зайнаас ажиллах боломжтой Amazon, Google зэрэг компаниудын хувьцааг харахаар өндөр өсөлттэй байгаа. Манай компанийг энэ өнцгөөс харах хэрэгтэй. Alibaba хэдэн жилийн өмнө Хятадад шуугиулж өндөр өсөлттэй гарч ирсэн. Түүнтэй ижил зүйл манайд болж байгаа юм. Анх удаа ийм зүйл болж байгаа учир хүмүүс гайхах нь аргагүй. Энэ бол нэг бүлэг асуудал. Хоёр дахь бүлэг асуудал гэвэл манай компанийн үнэлгээ хэт доогуур байсан. Өнгөрсөн есдүгээр сард 1000 төгрөгөөр зарагдаж байсан бол он дуусахад 1700 болсон. Бид хэт хямд зарж байсан. Одоо ч гэсэн хямд байгаа гэж үздэг. Би компанийн гүйцэтгэх захирлын хувьд хамгийн их мэдээлэлтэй хүн шүү дээ. Албан ёсоор мэдэгдэж байна. Би энэ компанийн хувьцааг хямд гэж үзэж байгаа учир буцааж авна. Олон улсын практикт ийм байдаг. Гүйцэтгэх захирал буюу мэдээлэлтэй хүн хувьцаагаа авч, зарж байгаагаа мэдэгдэх ёстой байдаг. Би бол авч эхэлнэ. Яагаад хямд байна гэвэл манай багцад 21 компани бий. Энэ компаниудын өсөлтийг хараарай. “Ард даатгал”, “Ард кредит”-ийн хувьцаа хэдээр зарагдаж байна гэх зэргээр манай нээлттэй компаниудын өсөлтийг хараарай. Эдгээр компаниудын нийлбэрээс бид бүтэж байгаа шүү дээ. “Ард кредит” гэхэд бид 65-аар авч байсан. Одоо хүмүүс 209-өөр зарна гээд тавчихаж. 177 дээр хүрээд 15 хувьд тулчихсан байна. Үнэлгээ маш сайн өссөн байгаа биз. “Ард даатгал” хамгийн сүүлд 80-аар авч байсан бол одоо 1500 төгрөг байна. Манай үнэлгээнд огт ороогүй олон хүчин зүйлс бий. Кинон дээр хүмүүс олон дэлгэцийн өмнө суучихаад тоо хараад хувьцаа авч, зараад байдаг шүү дээ. Тэр үзэгдэл чинь Монголд ирчихээд байна. Хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоох эрхэм зорилгын дор би энэ компанийг удирдаж байгаа. Тэр зорилгодоо ч хүрч байна. Дараагийн алхам юу вэ гэвэл манай хувьцаа эзэмшигчид энэ хувьцаатайгаа дэлхийн том биржүүд дээр гарна. Тэр ажлыг бид одоо хийж байна. Бид хүмүүсийн өмнөөс биткойнд хөрөнгө оруулалт хийгээд эрсдэлийг нь удирдаж байна шүү дээ. Өмнө нь хүмүүс өөрсдөө орохоор алдаад байсан. Энэ нь асар том хүлээлтийг үүсгэж байгаа. Хүмүүсийн эрсдэлийг бууруулж өгч байна гэсэн үг. Биткойн, ардкойн, банк руу ч орсон мөнгөө алдах эрсдэлийг нь би биеэрээ хамгаалж орж байна гэсэн үг. Өнгөрсөн 30 жил хэдэн луйварчид урдуур нь орж хувьцааг нь үнэгүйдүүлж мөнгийг нь алдуулсаар байгаад итгэхээ больчихсон байсан үеийг би эцэслэж байна. Сая ардкойн цуглуулчихсан байсан хүн өнөөдөр 280 сая төгрөгтэй болж байгаа юм. 280 дахин өссөн. Манай “Ард даатгал”, “Ард кредит”-ээр орж ирсэн хүмүүс бүгд ашгаа хийж байна. 

Манай банк санхүүгийн өрсөлдөгч нар юм ойлгохгүй бухимдаж байгааг ойлгож байна. Гэхдээ бид одоо хөрөнгийн зах зээлийн нүүр царайг өөрчилж, дэлхийн манлайлагчдын байр сууринд хүрнэ. Тийм учраас бид өөрсдийгөө хөгжүүлэх, өөрчлөгдөхөөс өөр арга байхгүй. Цахим түйвээлт явагдаж байна. Би цахим түйвээлт гэдгийг гурван жилийн өмнө өөрөө анх орчуулж гаргаж ирж байсан. Энэ түйвээлтийг эсэргүүцээд нэмэргүй. Монгол Улс гэрэл гэгээтэй ирээдүй рүү гэрлийн хурдаар урагшилж байгаа. Хөрөнгийн зах зээлийн хувьсгал явуулж, Улаанбаатар хот бүс нутгийнхаа санхүүгийн зах зээлийн төв болно.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО:

-Сүүлийн үед зарим нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдадаа хямдруулалтын боломж олгох зорилготой гаргасан урамшууллын оноо нь зохицуулалтын бус арилжааны хэрэгсэл буюу койн, криптовалют болж, тухайн урамшууллыг гаргасан компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажиж байгаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь буруу ташаа ойлголтыг төрүүлж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн урамшууллын оноо /койн, криптовалют/-г дижитал бирж, дижитал банк гэх арилжааны системээр дамжуулж худалдах, худалдан авах боломжтой ба ирээдүйд үнэ цэн өснө гэх зэргээр олон нийтийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, эрэлтийг бий болгох нь эргээд иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгох эрсдэлтэй юм. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд 12 банк, 3 бирж /Монголын Хөрөнгийн бирж, Монголын Үнэт цаасны бирж, Хөдөө аж ахуйн бирж/ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээр дурдсан дижитал бирж, дижитал банк зэрэг нь төрийн хяналт, зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хамаарахгүй. Дижитал биржээр арилжаалж буй үнэт цаасны токен /Security Token/ гэх хувьцаанд хөрвөх, эсхүл солих боломжтой мэт зарим төрлийн дижитал хэлбэртэй бүтээгдэхүүн нь бодит үнэт цаасаар солих, хөрвүүлэх боломжгүй юм. Компанийн хувьцаа болон тэдгээрт суурилсан буюу түүнд хөрвөх боломжтой үнэт цаастай холбогдох харилцаа нь Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулагдаж, үнэт цаас нь төрийн эрх бүхий байгууллагад бүртгэгдэхээр хуульчлагдсан байдаг. Иймд токен, криптовалют, койны үнэ ханшийг урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй байдаг ба эдгээрийг худалдан авах нь оруулсан хөрөнгөө алдах өндөр эрсдэлийг дагуулж болзошгүй тул иргэн Танд анхааруулж байна.

https://news.mn/r/2406725/

« Буцах