МҮХАҮТ-ЫН ГИШҮҮД, ДЭМЖИГЧИД, УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД, ТЭРГҮҮЛЭГЧИД, ТАНХИМЫН ХАМТ ОЛОНД ХАНДАХ НЬ

pic

Чулууны Ганхуяг миний бие 2019 оны хоёрдугаар сарын 28-нд болох МҮХАҮТ-ын ээлжит 20 дугаар Их хурлаар ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж, өрсөлдөх болсноо үүгээр мэдэгдэж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын бизнес эрхлэх орчин дордож, авлига, хээл хахууль газар авч, ариун шударга хөдөлмөр, уйгагүй зүтгэлээрээ амжилтад хүрсэн баялаг бүтээгчдийн нэр хүндийг популист улстөрчдийн оролцоотойгоор хавтгайруулан харлуулдаг, торгож, хоргоодог болоод байна. Үүнийг дагаад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид айдаст автан Монгол Улсад хөрөнгө оруулах, монголчуудтай хамтран ажиллахаас зайлсхийж, бизнес эрхлэгчид бид өдөр ирэх тутам төрийн тамга барьсан урагшгүй түшмэдийн шахалт, дарамт, хээл хахуулийн сүлжээнд хүлүүлэн ажил хэргээ чиг шулуун явуулахад бэрх болж байна.

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн ийм тааламжгүй үед бизнесийн төлөөллийн гол байгууллага болох МҮХАҮТ хувийн хэвшлийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, дуу хоолойгоо гаргах тал дээр хойрго хандан оновчтой, үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байгаа. Түүнчлэн бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн олон нийтийн энэ байгууллага нь засаглал, бүтэц зохион байгуулалтын хувьд оновчгүй, удирдлагын үйл ажиллагаа нь цэгцгүй байгаагаас төрийн байгууллагын хөгжлийн хэмнэлээс хоцорч, үйл ажиллагаа нь хаагдмал, тодорхой бус, арга барил, технологийн хувьд хоцрогдмол буйг бизнес эрхлэгчид бид нэг мөр засан залруулах хэрэгтэй гэж үзэж байна.

Цаашид МҮХАҮТ-ын үйл ажиллагаа нь ил тод байж, хөдөлмөр-нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрт хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалах, судалгаа шинжилгээнд үндэслэсэн жижиг, дунд, том аж ахуйн нэгжийн өмнө тулгамдаж байгаа нийтлэг асуудлыг шийдэхэд нь туслах, бодлого боловсруулагчдад нөлөөлөх замаар Монголд бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай.

Түүнчлэн, бид нийгэм, төр засгаа үлгэрлэн манлайлж, үйл ажиллагаа, санхүүгээ ил тод болгон, засаглалаа цэгцэлж, бидний өмнө тулгараад байгаа санхүүжилт, дэд бүтэц, утаа, бохирдол, авлига, төрийн өмчийн хувьчлал, татварын шинэчлэл гэх мэт асуудлуудыг шийдвэрлэхэд эвлэлдэн нэгдэж, идэвхийлэн ажиллах зайлшгүй шаардлага байгаа гэдэгтэй та бүхэн санал нэгдэх биз ээ.

Иймд би, МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн туршлагатай, чадварлаг багийн хамт оролцож танхимын үйл ажиллагааг хөгжлийн дараагийн шинэ түвшинд гаргаж, өөрчлөлт, шинэчлэлийг хийж, Монголын бизнес эрхлэгчдийг дэлхийд өрсөлдөх чадвартай, идэвхтэй тоглогч болгохын төлөө нийт жижиг, дунд, том бизнес эрхлэгчдийг нэгэн дээвэр дор нэгтгэн хамтран ажиллах боломж бүрдүүлэхийн төлөө өөрийн мөрийн хөтөлбөртэй оролцох боллоо.

Би МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болсноор тодорхой үр дүнд хүрэхийг зорьж байна. Юуны түрүүнд танхимын гишүүдийг идэвхжүүлж, удирдлагын хариуцлагыг өндөрсгөж, хамгийн ил тод, нээлттэй үйл ажиллагаатай байгууллага болгох болно. Нийт баялаг бүтээгчдийнхээ эрх ашгийг хамгаалан төрийн байгууллага, гадаад, дотоодын түншүүдтэй идэвхийлэн хамтран ажиллаж оновчтой шийдвэр, бодлого гаргуулж, төр засгийн буруутай, алдаатай шийдвэрийн эсрэг бат зогсож чадах хүчтэй байгууллага болгохын төлөө зүтгэх болно.

Би энд цалин хангамж авах гэж, нэр төр, эрх мэдлийн хойноос ирээгүй ээ. Харин сонгогдон ажиллах хугацаандаа шударга хөдөлмөр, уйгагүй зүтгэлээрээ амжилтад хүрч байгаа Монголын баялаг бүтээгчдийн нэр хүндийг хамгаалж, танхимын бүх гишүүдийг бизнесээ өргөжүүлэн тэлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжоор хангагдахуйц бизнесийн ээлтэй орчинг бий болгоход бие сэтгэлээ зориулан ажиллахаар зориг шулуудан та бүхэндээ хандаж байгаа тул танхимын гишүүд, дэмжигчид, хамт олон та бүхний дэмжлэгийг үүгээр хүсэж байна.

Хутагт овогтой Чулууны Ганхуяг

2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин 2019/2/1 №23

« Буцах