АРД САНХҮҮГИИН НЭГДЭЛ ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛД ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА

pic

З.Тэргэлжин

Өнгөрсөн амралтын өдөр Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болж өндөрлөлөө. Хурлаар тус компанийн 2017 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулж, ТУЗ-ийн гишүүдийг сонгосон юм.

Дашрамд дуулгахад, Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааг 3000 гаруй хүн эзэмшиж байгаа бөгөөд онд тус нэгдлийн нийт хөрөнгө 39.4 тэрбум төгрөгөөс 49.7 тэрбум төгрөгт хүрч, 64 хувийн өсөлт үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, нэгж хувьцааных нь ханш 20 хувиар өсч, 2955 төгрөгөөр үнэлэгдэж байгаа гэсэн үг. Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан гол шийдвэр нь Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжиж буй Жинст-Увс компанитай нэгдэх асуудлыг хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжсэн явдал. Ингэснээр Ард Санхүүгийн Нэгдэл нь 1000 төгрөгийн үнэтэй 28 614 263 ширхэг хувьцаатай болж байгаа юм. Түүнчлэн энэ хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлийн дүрэмд нэмэлт өөрчлөлт орууллаа.

Ч.Ганхуяг: Бидний шийдвэр олон компанид үлгэр жишээ болно

Энэ талаар Ард Санхүүгийн Нэгдэл компанийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Манай компанийн хувьд өнөөдөр түүхэн шийдвэр гаргахаар хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг олон нийтэд нээлттэй хийж буйгаараа онцлогтой юм. Хувьцаа эзэмшигч гээд хэдэн хүн ирж суудаг хаалттай байдлаар явдаг жишгийг халж байна. Энэ жишиг олон компанид үлгэр жишээ болно гэдэгт найдаж байна” хэмээн тодотгосон.

Дашрамд сонирхуулахад, Ард Санхүүгийн Нэгдэл, Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК 3000 хувьцаа эзэмшигчтэй. 3000 хувьцаа эзэмшигчийг энэ жил 30 мянга болгох зорилт тавиад байгаа ба цаашлаад 300 мянга, гурван саяулаа хувьцаа эзэмшигч болох боломжтой гэж харж байгаа аж. Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн хэлснээр, хоёр жилийн өмнө дэвшүүлсэн “хөрөнгө оруулагч үндэстэн” гэсэн зорилт руугаа дахин нэг алхам урагшилжээ. Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн биржид хувьцаа нь эрэлттэй байгаа Жинст-Увс компанитай нэгдсэнээр 28 сая гаруй хувьцаа арилжих нөхцөл бүрдэж байгаа юм. Тэр ч бүү хэл, бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээ гарсан үед хувьцаа эзэмшигч хувьцааг эргэлтэд оруулж, зээл авах боломж бий болжээ. Мөн Грэйп Сити компанийн Most Money үйлчилгээгээр дамжуулан ArdPay шинэ аппликэйшнийг гаргасан бөгөөд үүгээр дамжуулж иргэд төлбөр тооцоогоо гар утаснаасаа хийх бүрэн боломжтой болж байгаа аж. Тодруулбал, тус хамт олон хиймэл оюун ухааныг ашиглаж шууд зээл олгох, кредит карт орлуулах бизнесийг санал болгож байна. Энгийнээр тайлбарлавал, Gopay гэдэг нь криптовалютын Монголын үндэсний дотооддоо хийсэн аппликэйшн бөгөөд уг аппликэйшнээр дамжуулж биткойноор чөлөөтэй төлбөр тооцоо хийх боломжийг олгож буй ажээ.

Хувьцаа барьцаалсан зээлийн тухайд зээлийн нэмэлт судалгаа, мэдээлэл шаардлагагүй бөгөөд нэг цагийн дотор зээлээ авах бүрэн боломжтой төдийгүй бусад шуурхай зээлүүдтэй харьцуулахад зээлийн хүү бага. Мөн өөрийн эзэмшлийн хувьцаагаа заралгүйгээр бэлэн мөнгө аваад зогсохгүй барьцаалах хугацаандаа ноогдол ашгаа авна гэхчлэн давуу тал олонтой юм байна. Монголын Хөрөнгийн бирж өнгөрсөн онд үйл ажиллагаа эхлүүлснээс хойш түүхэндээ анх удаа 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн. Харин энэ онд биржийн арилжааны дүн нэг их наяд төгрөгт ойртох магадлал өндөр байна гэх тооцоог мэргэжлийнхэн хэлсэн. Статистикаас харвал сүүлийн 27 жилийн хугацаанд 20 гаруйхан компани IPO хийсэн байдаг юм байна. Тэгвэл энэ онд тэдэн дээр Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний бүрэлдэхүүн компани болох Ард Даатгал, Ард Кредит хувьцаагаа хөрөнгийн бирж дээр бүртгүүлэх буюу IPO хийхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа. Хэрэв Ард Даатгалынхан IPO хийвэл даатгалын компани хөрөнгийн зах зээлд гарсан анхны тохиолдол болох юм. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2017 оны тайлангаас харахад, даатгалын салбарын хөрөнгийн хэмжээ 23.8 хувиар өсөж, 43.4 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь ердийн даатгалын компаниудын нийт хөрөнгө салбарын нийт хөрөнгийн 79.1 хувийг эзэлж байгаа үзүүлэлт аж. Ямартаа ч Ард Санхүүгийн Нэгдэл компанийн бүрэлдэхүүнд багтдаг Ард Даатгал компани хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргахаар төлөвлөж байгааг албаныхан хэлсэн. Бас тус компанийн сайн засаглалыг хэрэгжүүлж, санхүүгийн олон улсын тайлагналын зарчмын хэрэгжилтийг ханган, ил тод, нээлттэй байдлыг компанийн үйл ажиллагааны бүхий л түвшинд нэвтрүүлсний үр дүн гэж онцолсныг энд дурдах нь зүйтэй байх.

Ард Санхүүгийн Нэгдэлд Ард Даатгалаас гадна ББСБ болох Ард Кредит, хувийн тэтгэврийн Ард Лайф сан, үнэт цаасны Ард Секьюритиз, хадгаламж зээлийн Ард Актив хоршоо, Хөрөнгө Оруулагч Үндэстэн болон Монгол Шуудан ХК зэрэг олон компани нэгдэн ажилладаг. Компанийн нэгдлийн хувьд банкны зээлээс бүрмөсөн чөлөөлөгдөж, иргэдээс бондын эх үүсвэрийг хаалттай хүрээнд татан төвлөрүүлэх туршилтыг амжилттай гүйцэтгэж, Ард Санхүүгийн Нэгдэл болон Ард Кредит ББСБ хоёр дахь зах зээлд анхны бондоо амжилттай гаргасан туршлагатай хамт олон. Тэр ч утгаараа Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ийг Монголын Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаапах зөвшөөрөл авч арилжаалснаар хувьцааны ханш 1000 төгрөгөөс 1858 төгрөгт хүрч өссөн хэрэг. Статистикаас харахад, Ард Санхүүгийн Нэгдлийн дэргэдэх Хөрөнгө Оруулагч Үндэстний хувьцаа эзэмшигчдийн тоо 900-г хол давж, нэгж хувьцааны үнэ 1800 төгрөг болж өссөн төдийгүй өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зах зээлээс 1.8 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж чаджээ.

 

Ч.Ганзориг: Хувьцаагаа бүртгүүлж, өргөдлөө өгөөд л таны зээл бүтнэ

Энэ талаар Ард Кредит ББСБ-ын Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг “Хөрөнгийн бирж сүүлийн үед эрчимтэй хөгжиж байна. Олон нийт хувьцаанд хөрөнгө оруулах нь өгөөжтэй гэдгийг ойлгож эхэллээ. Хөрөнгийн зах зээл үүнийгээ дагаад хөгжиж байна. Бидэнд юу ажиглагдсан бэ гэхээр хувьцаа авчихаад хувьцааны үнэ өстөл зармааргүй, эсвэл ногдол ашгаа авахаа хүлээх сонирхол байдаг. 3000 гаруй хувьцаа эзэмшигчдээс хувьцаагаа барьцаалж зээл авах боломжийг бүрдүүлэх хүсэлтийг илэрхийлсний үр дүн өнөөдөр гарлаа. Хамгийн гол нь ArdPay шинэ аппликэйшнийг ашигласнаар зээлийн судалгаа, банкинд дугаарлах, бичиг цаас бүрдүүлэх шаардлагагүй болно гэсэн үг. Хувьцаагаа бүртгүүлээд, өргөдлөө өгөөд л таны зээл бүтнэ. Маш бага хүүтэй зээл олгох юм. Зөвхөн Ард Санхүүгийн Нэгдэл, Жинст-Увс ХК-ийн хувьцаа гэлтгүй Хөрөнгийн биржид бүртгэлтэй ТОП-20-д багтах компаниудын хувьцааг барьцаалж зээл авах боломжтой" хэмээн онцолсон.

Б.Тамир: Хувьцаанаас өгөөж авах хоёр л арга зам байдаг

Харин Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Маркетинг эрхэлсэн захирал Б.Тамир “Хувьцаанаас өгөөж авах хоёр арга зам байдаг. Ногдол ашиг, Хувьцааны үнийн өсөлт. Ихэнх хүн түгээмэл байдлаар ойлгож, ногдол ашиг нь бэлэн мөнгөөр ирдэг учраас ногдол ашиг авах нь гол өгөөж гэдэг. Эдийн засгийн тооцооллыг харвал ногдол ашиг нь хувьцааны үнийн өсөлттэй харьцуулбал нэг хувийг л эзэлдэг. Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж энэ удаад ногдол ашиг тараахгүй гэсэн шийдвэр гаргасан. Учир нь, бид хийсэн ашгаа компаниа илүү өргөжүүлэх үүднээс компанидаа буцааж зарцуулахаар болж байна. Өнгөрсөн 13 жилийн өмнө манай нэгж хувьцааны үнэлгээ 100 төгрөгөөс эхэлсэн. Харин өнөөдөр 290 дахин өсч 2912 төгрөгөөр үнэлэгдэж байна. Бид маш сайн өсөлтийг бий болгож чадсан. Компанийн засаглалаа хувьцаат компани дэлхий нийтийн жишгээр ямар байх ёстой тэр хэмжээнд хүргэж, үйл ажиллагаагаа ил тод болгосон” гэсэн.

Дашрамд дуулгахад, Хөрөнгө Оруулагч Үндэстэн хаалттай ХК-ийг Жинст-Увс ХК-тай урвуу байдлаар Хөрөнгийн бирж дээр бүртгүүлж чадсан нь энэ бүх амжилтын эхлэл болсныг салбарынхан хэлдэг. Үндсэндээ тус хамт олны хоёр жилийн ажил биелэлээ олж, одоо Хөрөнгийн бирж дээр хувьцаа нь 1800- 1900-гийн хооронд арилжаалагдаж байгаа гэж хэлж болно. Анх 2016 оны нэгдүгээр сард 560 хүн 1000 төгрөгөөр авч байсан гээд бодохоор чамлах юм биш гэдэг нь ойлгомжтой. Эцэст нь тэмдэглэхэд, Ард Санхүүгийн Нэгдэлтэй хамтран ажилладаг охин компани болох Ард Кредит ББСБ нь банкны үндсэн систем болох Грэйп Сити Монгол компанийн Поларис Смарт програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж дуусчээ. Ингэснээр тус компани өөрийн үйл ажиллагааг хурдацтай өргөжүүлэх, эрсдэлээ зөв зохистой удирдах, удирдлагын тайлан мэдээг бүх түвшинд цаг тутамд гаргах боломжтой болж байгаа гэнэ.

Энэ талаар Ард Кредит ББСБ-ын Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг “Банкны шинэ үндсэн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь банкны үйлчилгээг илүү хүртээмжтэй байдлаар нийтэд хүргэх олон боломжийг нээж өгнө. Цаашдаа олон түмний эзэмшлийн банк болох зорилгодоо дахин нэг алхам дөхөж очлоо” гэж онцолсон. Ийнхүү Монголын хувьцаа эзэмшигчдийн өмнө цоо шинэ хаалга нээгдлээ. Ард Санхүүгийн Нэгдэл, Хөрөнгө Оруулагч Үндэстэн буюу Хөрөнгийн бирж дээр Жинст-Увс хувьцаат компани нэрээр явж байгаа хоёр компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал олон нийтэд нээлттэй, өргөн хүрээг хамарсан нь бас нэг шинэ үзэгдэл болж чадлаа. Хувьцаа эзэмшигчдийн хуралд хөрөнгийн зах зээлийг сонирхогч хэн ч ирж оролцож боломжтой байсан юм. Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Хаалттай, нууж хаах зүйл бидэнд байхгүй. Хүсвэл хувьцаа авч болно. Санхүүгийн үйлчилгээ авмаар байвал газар дээр нь үзүүлье. Хувьцаа эзэмшигчдийн хурал төгс төгөлдөр хэлбэрээр хэрхэн болдгийг үз, хар, оролц. Сүүлийн үед хөрөнгийн зах зээлд оролцох хүсэлтэй хүмүүс маш их болсон. Тэр бүх хүнд манай хурал нээлттэй байна гэсэн амлалтаа зохион байгуулагчид биелүүлсэн” хэмээсэн.

Дашрамд сонирхуулахад, Ард Санхүүгийн Нэгдлийн хамгийн том хувьцаа эзэмшигч нар компанийн 12 хувийг л эзэмшдэг агаад ажилчид нь ч компанийнхаа хувьцаа эзэмшдэг юм байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн гүйцэтгэл дээр суурилан ажилчдын урамшууллаа хувьцаагаар авсан төдийгүй компанийн захирал өөрт ногдох урамшууллын хувьцаагаа ажилчдадаа нэмж өгчээ. Мөн компанийн ажилчид өөрсдийн хөрөнгийг нийлүүлж Ажилчдын хөрөнгө оруулалтын санг үүсгэснээр Ард Санхүүгийн Нэгдлийн 10 орчим хувийг эзэмшдэг болжээ. Өөрөөр хэлбэл, компанийн ажилчид мөнгөө нийлүүлж компанийнхаа 10 хувийг эзэмшдэг болсон гэсэн үг. Магадгүй энэ тохиолдолд ажилчид нь хэн нэг захирлын төлөө бус өөрийн эзэмшлийн хувь эзэмшдэг компанийнхаа төлөө ажилладаг учраас илүү бүтээмжтэй, илүү сэтгэлээсээ, бас итгэлтэй ажиллаж, тэр хэрээр бүтээмж өндөр байдаг нь гарцаагүй.

Эцэст нь тэмдэглэхэд, хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийнхээ тав тухыг хангах үүднээс тэдэнтэй хамт ирсэн бага насны хүүхдүүдийг нь харах үйлчилгээ үзүүлж, мэргэжлийн багш нартай хамтран хөгжөөнт тоглоом, кино үзэх, өдрийн хоолоор дайлах гэх мэт хөтөлбөр тусгайлан гаргасан байсан. Мөн хурал болсон Туушин зочид буудлын эргэн тойронд авто зогсоолыг бэлтгэж зөвхөн хувьцаа эзэмшигчдийн машин зогсоох боломжоор хангасан нь хуралд оролцогчдын цаг завыг хэмнэсэн сайн жишээ боллоо. Ийнхүү сэтгэл гаргаж хийсэн Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан гол шийдвэр нь Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжиж буй Жинст-Увс компанитай нэгдэх асуудал. Асуудлыг хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжсэн. Ингэснээр Ард Санхүүгийн Нэгдэл нь 1000 төгрөгийн үнэтэй 28 614 263 ширхэг хувьцаатай болж байгаа юм. Хэрвээ эрхэм уншигч та тус компанийн хувьцааг сонирхож байвал Хөрөнгийн бирж дээр Ард ХК гэсэн нэрээр борлуулагдаж буйг дуулгая.

 

ИРГЭДИЙН СЭТГЭГДЭЛ

Дорнод аймгийн ИТХ-ын гишүүн Б.Оюунбилэг: Ард Санхүүгийн Нэгдэл нь ард иргэдийн ийм дутмаг ойлголтыг нөхөж, хувьцаа эзэмшигчдээ нээлттэй зарлав

Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцлоо. Би хүүхдүүддээ хувьцаа авч өгсөн. Энэ хуралд үр хүүхэд, гэр бүлээ төлөөлж оролцсон. Сэтгэгдэл маш өндөр байна.

Юуг олж мэдэв. Ирээдүйг хэрхэн төсөөлөн харж байна вэ?

Миний ойлгож байгаагаар Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь ирээдүйд Хөрөнгө Оруулагч Үндэстэн, Ард гэсэн банк байгуулах гэж байгаа юм байна. Үүнийг би дэмжиж байгаа учраас хувьцаа эзэмшигч болсон. Монгол Улсад санхүүгийн зах зээлийн 94-95 хувийг нь банк, санхүүгийн зах зээл эзэлдэг. Харин Хөрөнгийн зах зээл дөнгөж 3-4 хувийг эзэмшдэг дутмаг тал байна гэж танилцуулсан. Монголд Хөрөнгийн зах зээл байгуулагдаад 20 гаруй жил болсон ч ард иргэд нь хувьцааг ойлгодоггүй, цэнхэр, ягаан тасалбарыг ч ойлгохгүй явсаар ирсэн. Гэтэл Ард Санхүүгийн Нэгдэл нь ард иргэдийн ийм дутмаг ойлголтыг нөхөж, хувьцаа эзэмшигчдээ нээлттэй зарлаж, мэдээллийн эх сурвалжийг бүрэн дүүрэн ашиглаж, санхүүгийн мэдлэг, мэдээллийг өгч байгаа нь давуу талтай боллоо.

 

Тэтгэврийн настан Д.Бат-Энх: Ашгаа би мэдрээд баясаад сууж байна

Хувьцаа эзэмшигчдийн хурал маш амжилттай болсон. Та хувьцаа эзэмшсэнээр Монголын хөрөнгө оруулагч нэг үндэстэн боллоо. Энэхүү хуралд оролцоод ирээдүйгээ та хэрхэн төлөвлөж байна вэ?

Ард Санхүүгийн Нэгдлийн хоёр тайлангийн хуралд би оролцсон. Миний хувьд олон аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшдэг. Хувьцаа эзэмшигчдийн энэхүү хурал нь миний оролцдог нөгөө аж ахуйн

нэгжүүдтэй харьцуулж үзвэл үнэхээр ажил хэрэгч боллоо. Ард Санхүүгийн Нэгдэл хувьцаа эзэмшигчдийн тайлангийн хурлаа жинхэнэ утгаар нь хийлээ. Миний хувьд маш их таалагдлаа. Хуралд залуучууд их оролцож байгаа нь ирээдүйгээ олж хардаг, мундаг ухаантай болжээ. Тэгээд хувьцаа гэж юу вэ, хувьцааны ач холбогдол, ирээдүйд ямар үр өгөөжтэй вэ гэдгийг манай залуучууд их сайн ойлгосон байна.

Та олон аж ахуйн нэгжийн хувьцааны хуралд оролцсон туршлагатай хүн юм. Гэхдээ Ард Санхүүгийн Нэгдэл болон Хөрөнгө Оруулагч Үндэстний хувьцаа эзэмшигч болсноор таны амьдралын даатгалын баталгаа ирээдүйд ямар ашигтай гэж төсөөлж байна вэ?

Би түрүүчээсээ эхлээд ашгаа олчихсон. Ард Санхүүгийн Нэгдлийн 1000 төгрөгний хувьцааг авч, оруулсан бол одоо 80 хувиар өсөлт үзүүлсэн байна. Өнөөдөр гурав нугалчихсан байгаа шүү дээ. Энэ ашгаа би мэдрээд баясаад сууж байна.

Амьдралын даатгалаа дээшлүүлэхэд мөнгөө өсгөж, үржүүлэх боломжтой талаар Сингапурын зочин ярьсан. Энэ талаар таны сэтгэгдэл?

Би жилийн өмнө гурван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр Ард Лайф компанийн Тэтгэврийн санд даатгуулсан. Гэтэл өнөөдөр             40 хувийн ашигтай гэдгийг тооцвол надад ч бас сая хоёр, гурван

зуун мянган төгрөгийн ашгаа өгсөн. Өнөөдөр Монгол Улсын Ард Санхүүгийн Нэгдэл Хувьцаат компани өндөр хөгжилтэй орнуудтай хөл нийлүүлэн хөтөч нь болж алхаж яваад баяртай байна. Ард Лайф компанийн үйл ажиллагаа миний хувьд маш их таалагдаж байна. Би улсаас тэтгэвэр авдаг. Мөн ирээдүйдээ итгэптэй Ард Лайф компанийн Тэтгэврийн санд тэтгэврийн мөнгөө хийсээр байгаа. Одоо ч бас нэмж хийнэ гээд ярилцаад сууж байна.

Эх сурвалж: Open door сонин 2018/5/4 №17

« Буцах