Абдул Каримын шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлэв

pic

Төрийн ордны хажууд байрлах “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгын үнэ 24 тэрбум төгрөгт хүрч, түүнийг Абдул Карим гэгч эрхэм эзэмших эрхтэй болсон билээ. Үүнтэй холбоотойгоор дээд үнэ цохиж авсан Абдул Каримын талаар янз бүрийн мэдээлэл хөвөрч эхэлсэн.

Тухайлбал, түүнийг шонхор шувууг Араб руу хил давуулдаг бүлэглэлийн толгойлогч гэх баримт бий. Тэр ч утгаараа түүнийг “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг дуудлага худалдаагаар авсан тэрхүү мөнгөнийх нь эх үүсвэрийг шалгах ёстой гэх шүүмж өрнөсөн. Улмаар тус барилгын хувьчлалыг төрийн зүгээс эргэн харах болсон тухай мэдээлэл ч ар араасаа хөвөрч байв.

Ийн олны хэл аманд өртөж, өөрийгөө болоод хөрөнгө мөнгөний эх үүсвэрээ шалгуулах дээрээ тулаад байсан Абдул Карим “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авахаас татгалзсанаа мэдэгдлээ.

Тэрбээр “2015 оны 11 дүгээр сарын 30-ны дуудлага худалдаагаар “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн обьектыг 24 тэрбум төгрөгөөр гадаадын хөрөнгө оруулалттайгаар худалдаж авах байсан боловч тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан болоод Монголынхоо ард түмний санал хүсэлтийг хүндэтгэн энэхүү гэрээг цуцлах болно” хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл Абдул Каримын энэ шийдвэрийг Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг шүүмжилсэн юм. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа Абдул Каримын үйлдлийн талаар "Энэ бол буруу. Юу вэ? Хугацаа хаагдахаас нэг минутын өмнө дэнчингээ тушаагаад хувьчилж авч байгаа мөнгөний эх үүсвэрийг, авч байгаа эзнийг шалгаад цэвэр мөнгө гэдгийг баталгаажуулах ёстой гэснээс болоод ингээгүй гэж найднам" хэмээгээд дараах захидлыг сийрүүлжээ.

 

Абдул Карим гуайд,

http://phpstack-97264-1521862.cloudwaysapps.com/media/files/post/hevleliin%20uildver/3h25o53f5fm8dvo1f4i73efgv7.jpg

“Эрхэм ах таны захидлыг сая уншлаа. Тэгээд энэ мэдэгдлийг бас үүгээр хийхгүй бол болохгүй нь ээ. Юуны түрүүнд би таны саяхны хувьчлалд иргэний зориг гарган оролцож, ялсан явдалд баяр хүргэж, талархал илэрхийлье.

...Хэвлэх үйлдвэрийн дуудлага худалдааны дараа хэд хэдэн хэвлэл мэдээллийн сувгаар ярилцлага өгөх үеэрээ болон хэвлэлийн бага хурал дээр би АЛИВАА хувьчлалд оролцогчийн жинхэнэ эзэн мөнгөний эх үүсвэр тодорхой байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Буруу үг, хэллэг хэрэглэсэндээ хүлцэл өчье.

Хувьчилсан хөрөнгийн эзэн нь ил, мөнгөний цаана ямарваа буруу гарын нөхөд байхгүй гэдгийг бид, Монгол Улс баталгаажуулах ёстой гэдэгтэй та санал нэгдэх байх. Гэхдээ энэ асуудлыг хэт өрөөсгөл байдлаар хүлээн авч, намайг огт тооцоолоогүй өнцгөөс буруутгах, шүүмжлэх явдал гарсан билээ.

Монгол Улсын хуулиар газрыг зөвхөн Монголын иргэн өмчлөх эрхтэй билээ. Би хувьчлал явуулж байгаа нөхдийг зөвхөн үүнийг л баталгаажуулахыг л хүссэн. Та Монгол Улсын иргэн тул хувьчлалд оролцсон мөнгөндөө татвараа төлсөн үү гэдгийг баталгаажуулахыг л хүссэн. Энэ бол аль ч иргэний хувьд тавьж болох шаардлага гэж үзэж байна. Та ч үүнтэй санал нэгдэх байх. Хууль бол хууль. Энэхүү дуудлага худалдааны үр дүнгээс татгалзаж байгаа явдалд би харамсаж байгаа. Нуух юун - цочирдсон. Гэхдээ таны тайлбарыг мөн хүлээж авч байна” гэх мэдэгдлийг хариу болгон гаргажээ.

Дашрамд дурдахад, Абдул Карим гэрээгээ албан ёсоор цуцалбал Хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг дахин явуулж, сонирхсон иргэд ахин оролцох боломж нээгдэх юм.

П.Жаргал

http://phpstack-97264-1521862.cloudwaysapps.com/media/files/post/hevleliin%20uildver/6231b8u185ddroc40sjbg9qlam.jpg

« Буцах