МӨС ХАГАЛАГЧ

pic

 Улс төрийн сонгуульд нэг бус удаа бүдэрсэн ч бизнесийн салбарт амжилттай яваа эрхэм бол Чулууны Ганхуяг. Банк, санхүүгийн “ертөнц”-д өөрийн гэсэн орон зайгаа эзэлж чадсан түүний тодотгол нь ХАС. Айлын ууган хүү зоригтой бас зорилготой байх ёстой. Түүндээ хүрэхийн төлөө зогсолтгүй хөдөлмөрлөх учиртай. Үүнийг эрт мэдэрч ойлгосон тэрбээр 17 насандаа Монголын хөрөнгийн биржид орж ажиллажээ. Энэ үе бол 1991 он. Зах зээлийн эдийн засагт шилжиж байсан бэрх цаг. Амьдралын түүх, алдаа, оноо нь олны өмнө ил байдаг тэрбээр твиттерт 81 мянган дагагчтай. Үзэл бодол, санал хүсэлтээ байнга илэрхийлж, хамгийн идэвхтэй байдаг хүмүүсийн нэг. Хэзээ нь бусад ажлаа амжуулдаг байна гэмээр нийгмийн сэтгэлгээг зөв зүгт хандуулж, хөтөлдөг “жиргээчин”. Түүний түүх бол шинэ цагийн монголчуудад бахдам баримт юм.

Хийж буй ажилдаа чин сэтгэлээ зориулсан хүн амжилтад хүрдэг гэдэгт тэр итгэдэг. Тиймээс сэдэж эхлүүлсэн бизнес бүр нь биелэлээ олж, өргөжиж тэлсэн байдаг. Сангийн дэд сайдаар ажиллаж байсан ХАС-ын Ганхуяг “Чоно эдийн засаг”-ийн талаар найман жил ярьж, “Дуулиан”-ыг ес дэх жилдээ зохион байгуулж байгаа. Монголын эдийн засгийг бар бус чоно эдийн засаг хэмээн тодорхойлсон тэрбээр Монгол Улс яваандаа Евро-Азийн эдийн засагт байр сууриа тогтоосон хүчирхэг Чоно болох нь гарцаагүй гэж бичсэн байдаг. Тэр одоо ч энэ үзэлдээ үнэнч хэвээр байгаа. Үүнийгээ бататгах мэт дэлхийд нээлтээ хийгээд удаагүй “Чонон сүлд" киног Монголд гаргахад ихээхэн хувь нэмэр оруулсан байна.

Брокерын гурван сарын дамжаа төгссөн Ч.Ганхуяг Хөрөнгийн биржийн хамгийн залуу ажилтан болж байсан гэдэг. Аав ээжтэйгээ ганзагын наймаанд явж, Унгарт суралцан банкир болж байсан тэрбээр Монголдоо ирээд зайрмаг ч зарж үзсэн хүн. Амьдрал угаас тэр үед хэцүү байсан. Төд удалгүй Монголбанкинд ажилд орж, одоогийн Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэнгийн удирдлага дор ажилласан байна.Тэр үед Төвбанкны Ерөнхийлөгчөөр "Компанийн засаглалын хөгжлийн төв”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, дэд ерөнхийлөгчөөр ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болд ажиллаж байжээ. Эрч хүчтэй, бизнесийн шилдэг удирдагчдын тоонд ХАС-ын Ч.Ганхуяг зүй ёсоор ордог юм. Тэр бол нөөц боломжоо зөв зарцуулж чаддаг. Нэг юмыг хийхдээ өөрийгөө байнга цэнэглэж, түүнээс олон мянган хүн үр шимийг нь хүртэх ёстой гэсэн философитой. Энэ зангаараа аавтайгаа ихэд адилхан гэж түүнийг гэр бүлийнхэн нь хэлдэг.

Гадаадад өөрийн зардлаар суралцаж боловсрол эзэмшсэн хүмүүс тухайн үед ховор байв. Тэр цөөн хүний нэг нь Ч.Ганхуяг. “Доктор Айболит” гэдэг зузаан номны хаанаас  нь ч асуусан цээжээрээ хэлдэг, ихэд сониуч зантай, гярхай жаал өнөөдөр таван хүүгийн аав, Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирлын алба хашиж байна.  Түүний улиран өнгөрсөн хормыг эргэн харахад аливаа бэрхшээлийг даван туулах хат суусан жилүүд байв. Хэлснээ хийх чанарыг тэрбээр ямагт мөрдлөг болгосоор иржээ.

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадорж “Ч.Ганхуяг зах зээлийн үеийн банк, санхүү, мөнгө зээлийн бодлого, түүнийг хөтлөн жолоодох менежмент ямар байх ёстойг зөвхөн баруунд эзэмшсэн онолын мэдлэгтээ дулдуйдаад зогсоогүй Монгол хөрсөнд хэрхэн буулгах вэ гэдгийг авхаалжтай ухаарч энэ салбарын хамгийн анхан шатнаас эхлэн, дараа дараагийн түвшинд амьдралыг бодитой харж, бүрэн төгс ухаарч чадсан тэргүүлэх эдийн засагч” хэмээн үнэлж дүгнэсэн байдаг.

Багаасаа ном унших дуртай байсан Ч.Ганхуяг захирал есөн настайдаа уншсан “Гайхамшигтай Монгол морь” номоо саяхан дахин уншсан тухайгаа фэйсбүүкдээ бичжээ. Түүний ажил, амьдралын хэмнэлийг банк, санхүүгийн салбараас салгаж боломгүй. Тэрбээр бизнесийн салбарт амжилттай яваагаа аав ээжийн хүмүүжил, чиглүүлж өгсөн хандлагатай холбон тайлбарлажээ.

МАН-ын Бага хурлын гишүүн тэрбээр улс төрд шинэ хүн байхаа больсон. Хэдий ялалт байгуулаагүй ч УИХ-д байх ёстой хүний нэг гэж үнэлэгддэг. Шударга байхыг л хичээдэг гэж өгүүлсэн Ч.Ганхуяг захирал баялаг бүтээгч. Түүний удирдаж буй Ард Санхүүгийн Нэгдэл Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа зарахаар бэлтгэлээ базааж байгаа. Ингэснээр зарим хүн үндэсний компанийнхаа хувьцаа эзэмшигч болох таатай нөхцөл удахгүй бүрдэх нь.

Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин 2015/2/25 №35  

« Буцах