Ч.ГАНХУЯГ: САЙД ДАРГА, ЭРДЭМТЭН СУДЛААЧ ГЭЛГҮЙ ИЛЭН ДАЛАНГҮЙ ЯРИЛЦАНА

pic

Ирэх сарын эхээр Монголд гадна, дотны хөрөнгө оруулагчид, банк санхүү, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэн судлаачид оролцсон Эдийн засгийн томоохон форум болох гэж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд энэхүү форумыг зохион байгуулах зорилготой Засгийн газар, хувийн хэвшил, банк санхүүгийнхний төлөөлөл оролцсон тусгай зөвлөл байгуулагдсан агаад, зөвлөлийн нарийн бичгийн даргаар ХАС-ын хэмээх тодотголтой, Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг ажиллаж байгаа юм. Ноён Ч.Ганхуягтай удахгүй болох гэж буй форумын талаар тодруулж ярилцлаа. Тэрбээр болзсон цагаасаа 10 минут хоцорч ирсэндээ уучлалт эрээд, ойрын үед тун ч завгүй байгаагаа учирлаж, гадуур хувцсаа явуут тайлан, өрөөндөө орох зууртаа туслахдаа хандан шөл захиалаад амжив.

 

Та үнэхээр завгүй байгаа бололтой... Уг нь тантай тухтай ярилцана гэж бодож ирсэн юмсан. Таныг хараад би ч яарчихлаа.

Ойрд шахуу ажиллах болчихоод байна. Хоолоо ч идэж амжихгүй явна. Уучлаарай! Тантай ярилцангаа хоолоо идчихэж болох уу?

Тэгээч дээ! Надад бол татгалзах юм юу байх вэ.

Дөнгөж сая Ерөнхий сайдтай уулзчихаад наашаа гарлаа. Энэ замын түгжрэл гэж цагийн том гарз байна шүү.

Харин тийм ээ! Цаг хэмнэх үүднээс шууд эхэлье. Удахгүй болох гэж буй Эдийн засгийн форумын бэлтгэл ажил хэр байна вэ?

Давгүй ээ. Товлосон хугацаандаа буюу хоёрдугаар сарын 8-9-нд болно.

Энэ удаагийн форумын гол зорилго нь юу байх бол?

Энэ чуулга уулзалтын гол зорилго нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлж, Эдийн засгийн тулгуур салбаруудад тулгамдсан асуудлаар бодлого боловсруулагч, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаачид, иргэний төлөөллийнхөнтэй хамтран илэн далангүй ярилцаж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвшилцөлд хүрэхэд нь туслахад оршино.

Өмнө нь иймэрхүү чуулган болоод өнгөрдөг. Харамсалтай нь үр дүн гэж үлдсэн тодорхой юм байдаггүй шүү дээ. Тийм л битгий байгаасай.

Чуулга уулзалтын үеэр Монголын Эдийн Засгийн Форум нэртэй улс төрийн хамааралгүй ТББ-ын үндэс суурийг тавих юм. Цаашид ийм уулзалтыг тогтмолжуулан, улс орны өмнө тулгарч буй хөгжлийн асуудлаар тухай бүрт нь хэлэлцэн холбогдох талуудын хооронд нэгдсэн ойлголцлыг бий болгох ажлыг зуучлан зохион байгуулах үүднээс энэ байгууллага ажиллана. Өөрийн тань хэлсэн үр дүнгийн талаар санал нэг байна. Улс орны хөгжилд үр дүн нь харагддаг байх, тийм ач холбогдолтой уулзалт форумыг тогтмол зохион байгуулах юм. Хамгийн гол нь ийм чуулга уулзалтыг зайлшгүй хийдэг байх үндэслэл, шаардлага урган гарч ирээд байна.

Яг одоо миний бодлоор Монгол Улс эрчимтэй хөгжлийнхөө шийдвэрлэх гараан дээр ирчихээд байна. Харин эрчээрээ хэр хурдтай давхиж, хэдий хол зам туулах эсэх нь бидний хэр зөв бодлого хэрэгжүүлэхээс хамаарах болоод байх шиг.

Тийм ээ. Монгол Улсад эрчимтэй хөгжлийнхөө замд тууштай орох, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд боловсон хүчний болон байгалийн дотоод нөөц бололцоогоо зөв зохистой ашиглах шаардлага тулгараад байна. Мөн бизнесийн орчныг сайжруулах, эрүүл болгох, төсвийн шинэчлэл, уул уурхайн дэд бүтцийн болон санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжил, ногоон эдийн засгийн гэх мэт олон чухал асуудлыг нэн даруй хэлэлцэж, хөгжлийн гарцыг олон, нэгдсэн зөвшилцөлтэй болох шаардлагатай байгаа юм. Ингэхийн тулд бид илүү нээлттэй, илэн далангүй ярилцах ёстой. Монгол Улс эрт үеэс төрийн бодлогын тулгуур асуудлуудаа яг л ийм байдлаар шийдэж ирсэн уламжлалтай. Би Их хуралдайг жишээ татаж байгаа юм. Эртний энэ уламжлалаа дагаж Монголын эдийн засгийн чуулга уулзалтыг Ерөнхийлөгч, УИХ-ын дэмжлэгтэйгээр, Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах гэж байгаагаараа онцлог бөгөөд ач холбогдолтой. Бид эндээс хөгжлийн зөв гарцаа л олох гээд байгаа юм шүү дээ.

Цаг нь тулгамдуу юм шиг санагдлаа. Гадаадын ямар хөрөнгө оруулагчид оролцохоор болсон бэ?

Хөрөнгө оруулалтын форумд 500 хүн оролцоно. Монголчууд дийлэнх нь байна. Яагаад бид өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө дотроо ярилцаж зөвшилцөөд шийдэж болохгүй гэж. Нэг сайхан ярилцаад авъя л даа. Мэдээж манай улсын байнгын хамтрагч, хөрөнгө оруулагчид болох АНУ-ын Хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, ОУВС-гийн төлөөлөл оролцоно. Монголын маань үндэсний томоохон компаниуд бүгд сэтгэл, итгэл нэгтэйгээр дэмжин оролцох гэж байгаад би хувьдаа туйлын баяртай байна.

Монголчууд өөрийн "проблем"-ыг өөрсдөө сайн яриад авах гэж байгаа нь сайхан санагдлаа. Иймэрхүү уулзалт, чуулганыг олон нийтэд илүү хүртээлтэй хийж болдоггүй юм уу. Монгол хүн бүр улс орныхоо хөгжил, ирээдүйн төлөө илүү санаа тавьдаг боллоо шүү дээ.

Тантай санал яг нийлж байна. Ийм учраас хэвлэл мэдээллийнхний үүрэг маш чухал гэдгийг онцлоод байгаа юм. Жишээ нь, танай "Монгол ньюс" групп чуулганыг мэдээлэл талаас ивээн тэтгэх болсонд баяртай байна. Олон нийт маш сайн дэмжиж байгаа. Нээлттэй, илэн далангүй байдал үнэхээр их үгүйлэгдэж байсан нь анзаарагдаж байгаа биз дээ. Сайд дарга, эрдэмтэн, судлаач, бизнесмэн, компанийн захирал гэх ямар ч ялгаагүйгээр Монгол Улсын иргэн гэдэг байр сууринаас бие биедээ хандан сайхан, бүр ханатлаа ярилцах боломжийг л энэ удаа олгохыг зорьж байна.

Ханатлаа яриад л болох гэж үү...?

Яалаа гэж яриад зогсох вэ. Ярьснаа хэрэгжүүлдэг болъё гэж. Хэрэв та анзаарсан бол Ерөнхий сайдын хэлсэн үгнээс улс орныхоо сайн сайхан хөгжлийн төлөөх асуудлуудыг хөшигний араас гарган ил тод, нээлттэй болгоё гэсэн санаа байгааг ухаарсан байх.

Хүссэн хүн бүр энэ чуулганд оролцож болох уу?

Тийм боломж, бололцоо байхгүй шүү дээ. Оролцогчид 1.5 сая төгрөгийн хураамж төлөх ёстой. Гэхдээ энэ нь зөвхөн компаниудад хамаатай. Хамгийн гол нь улс орныхоо хөгжлийн төлөө хувь нэмэр болгож байгаа хандив гэж ойлгон, төлбөр дээр гар битгий татаарай гэж уриалмаар байна. Энэ мөнгийг чуулганыг зохион байгуулах үйл ажиллагаанд зарцуулна. Цааш цаашдаа зүгээр нэг чуулаад өнгөрөх биш, тодорхой шийдвэр гаргаад, судалгаа, зөвлөгөө хийдэг, үзүүлдэг ажлуудыг санхүүжүүлнэ. Тухайлбал, Хөрөнгийн биржийн асуудлыг зүгээр нэг яриад орхих биш, 4-5 хүнтэй ажлын хэсэг байгуулан, зөвлөмж гаргах боломжтой болно гэсэн үг. Эрдэмтэн, судлаачид, иргэний төлөөлөлд бид уриалга өгнө. Оролцох хүсэлтэй хүн санал хүсэлтээ бидэнд урьдчилан ирүүлэх эрх нь нээлттэй. Гэхдээ бид тэднээс сонгон шалгаруулалт хийх бодолтой байгаа.

Хөрөнгийн бирж гэснээс манайд хамгийн чухал зайлшгүй асуудлын нэг энэ мөн болов уу? Яагаад гэвэл Ерөнхий сайд хүч бололцоо, орд баялгаа ашиглаад монголчууд бид өөрсдөө гадны болон дотоодын хөрөнгийн бирж дээр мөнгө босгох боломжтой, ийм байхыг эрэлхийлэх ёстой гэж хэлсэн. Гэтэл манай Хөрөнгийн биржийн байж байгаа царай даанч хэрэг алга.

Шуудхан хэлэхэд Хөрөнгийн биржтэй холбоотой мэдээлэл туйлын хомс. Компанийн засаглалын тухай хууль тодорхой бус байна. Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахад жижиг хувьцаа эзэмшигчид ямар ч хяналт тавих боломжгүй шүү дээ. Тухайн хувьцаат компанийн эзэн нь өөрөө захирал, бас тэгээд ТУЗ-ийн даргаа давхар хийгээд явж байдаг. Ингэж байхад хэн ч хувьцаа, үнэт цаасны арилжаанд итгэхгүй байна. Итгэхгүй байх нь ч зөв юм. Хувьцаат компаниуд тайлангаа ч зөв гаргаж, ашигтай, ашиггүй ажилласнаа тайлагнаж чадахгүй байна. Төрийн өмчит компаниудын тухайд ТУЗ-ийн үйл ажиллагаа нь тодорхой бус, тэнд хэдхэн хүн хөрөнгө завших арга зам нээлттэй, төрийн өмч хөрөнгө ямар ч хяналтгүй, эзэнгүй яваад байна гэдгийг ч Ерөнхий сайд тодорхой хэлсэн.

Орд газрууд дээрээ түшиглэж Төрийн өмчийн том компани, нэгдлүүдийг байгуулах асуудал ид яригдаж байна. Чухам байгууллаа гэхэд ямар арга замаар, хэрхэн мөнгө босгох юм бэ гэдгийг та хамгийн энгийнээр тайлбарлаж хэлээч?

Уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний гэсэн үндэсний гурван том нэгдлийн тухай ярьж байгаа. Монгол Эрдэнэс ХК-д гэхэд л стратегийн бүх орд газрыг зангидъя. Тэрхүү том холдинг хувьцаа гаргаад нийт хувьцааныхаа 10-20 хувийг гадаадын компаниудад зарах юм. Тэдний хувьцаа авсан тэр мөнгө нь эргээд л Монголдоо орж ирнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, хувьцаагаараа мөнгө босгож байна гэсэн үг. Гадаадын маш нэр хүндтэй хүмүүсийг ТУЗ-д нь оруулна. Жишээ нь, оросууд яг ийм замаар явж байна. Германы канцлер байсан Г.Шредер гэхэд л Оросын төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүн болоод явж байна. Ингэснээрээ оросууд барууны орнуудын итгэлийг олоод авчихаж байгаа юм. Сая Оюутолгой ХХК-ийн ТУЗ-д оруулах Монголын талын гурван хүнийг маш сайн шалгуураар оруулахаар болсон. Энэ чинь л зөв шүү дээ. Цаашдаа энэ жишгийг дагаад явах болно.

Төрийн өмчит компани, нэгдэл байгуулах асуудлыг ойрын үед шийдэж чадах болов уу?

УИХ дээр ид яригдаж байгаа. Одоо гол нь шийдвэр гаргах ёстой. Тэгвэл ажлын хэсэг байгуулагдаж таарах байх. Ингээд асуудал дараа дараагийн шатандаа орно биз дээ.

Давосын уулзалт хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Манайхаас нэлээд том бүрэлдэхүүн явна гэж дуулсан. Таны нэр ч байсан. Юугаараа онцлог болох юм бол?.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүлэн Давосын уулзалтад явах гэж байна. Миний хувьд 2009 онд Дэлхийн залуу лидер номинацид шалгарсан. Энэ үеэс эхлэн Давосын чуулганд оролцож ирлээ. 34 удаа оролцсон болохоор сайн ойлголттой болж байна. Энэ удаа дэлхийн бүхий л нөлөө бүхий хүмүүс, тухайлбал Б.Обама, В.Путин, Б.Гэйтс, Йоркын гүн гээд бүгд ирэх юм билээ.

Шийдвэр гаргадаг хүмүүс нэг дор цуглаж, дэлхийд тулгамдсан асуудлаар илэн далангүй ярилцана. Мэдээж Гайтид болсон аймшигт газар хөдлөлтийн хохирлыг давахад яаж туслах вэ, дэлхийн дулаарал гээд олон сэдвийг хөндөнө.

За танд баярлалаа. Ирэхээр тань Давосын сониноос дуулъя.

Эх сурвалж: Өнөөдөр 2010/1/26 №20

« Буцах