ОЛОН УЛСЫН БИЧИЛ САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН XI ЧУУЛГА УУЛЗАЛТ
2008он
Польшид төвтэй Олон Улсын Бичил Санхүүгийн Төв нь Зүүн Европ, Төв Ази, Төв Европын 110 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн томоохон байгууллага юм. Ч.Ганхуяг 2007 оноос Олон Улсын Бичил Санхүүгийн Төвийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж эхэлсэн бөгөөд мөн онд Харвардын их сургууль дээр "Бичил санхүүгийн салбар дахь шинэчлэл" сэдвээр лекц уншсан анхны монгол хүн болжээ.
Тэрбээр цөөнгүй жил хөөцөлдөж байж Олон Улсын Бичил Санхүүгийн Төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон Улсын Бичил Санхүүгийн Байгууллагуудын Чуулга Уулзалтыг 2008 онд эх орондоо анхлан зохион байгуулах эрхийг олж авсан юм.
Ч.Ганхуяг 2007 онд Болгар Улсын нийслэл Софид болсон хурал дээр үг хэлж байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс албан ёсоор авсан зөвшөөрлийн дагуу “Монгол Улсын Ерөнхийлөгч та бүхнийг урилаа. Та бүхэн ирэх жил Монгол Улсад хуралдана уу” гэсэн хүсэлтээ тавьжээ. Хуралд оролцогсод маш сайхан хүлээж авсан ч “тендэр зарлана” гэсэн байна. 2008 оны хурлыг Азид хийхээр урьд нь ярилцчихсан байсан учраас тендэрт Монгол, Казакстан хоёр өрсөлджээ. Олон Улсын Бичил Санхүүгийн Төвийн гишүүдийн ихэнх нь Казакстан, Киргизстанд байсан ч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилга, санхүүгийн санал, ХасБанкны Олон улс дахь нэр хүнд, зохион байгуулалтын түвшин зэрэг хүчин зүйлс нөлөөлж, Монголд хуралдахаар болсон байна.
Ийнхүү Ч.Ганхуяг өөрийн санаачилгаар Ази, Европын бичил санхүүгийн 500 гаруй томоохон байгууллагын зочид төлөөлөгчдийг тусгай үүргийн нислэгээр эх орондоо авчирч, 2008 оны тавдугаар сарын 29-31-нд Төрийн ордны их танхимд Олон Улсын Бичил Санхүүгийн Байгууллагуудын XI Чуулга Уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өндөр түвшинд зохион байгуулсан юм. Хурлын үеэр бичил санхүүгийн чиглэлээр ажилладаг томоохон эрдэмтэд, шинжээчид, дэлхийн нэр хүндтэй банкирууд, бизнесмэнүүд, хөрөнгө оруулагчид тус салбарт тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцож, халуун мэтгэлцээн өрнүүлж, бие биеийнхээ тэргүүн туршлагаас судалсан.
Энэ нь бичил санхүүгийн байгууллагуудын Азид болсон хамгийн том чуулган бөгөөд Монголоо сурталчилсан асар том хөрөнгө оруулалт байлаа. Учир нь, гадны 500 банкир Улаанбаатарт ирээд гурав хонохдоо зөвхөн ХасБанкны бичил санхүүгийн үйл ажиллагаатай танилцаад зогсохгүй, Монголын ёс уламжлал, соёл урлаг, Улаанбаатар хот, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын боломжуудтай танилцсан билээ.