“ГУРВАН ГОЛОО ЦЭВЭРЛЭХЭД 300 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЪЯ” АЯН
2003он
2003 онд ХасБанкны 230 ажилтан нэгдэж нийгэмд тустай үйл бүтээх, байгаль дэлхийгээ хамгаалах, ирээдүй хойч үедээ туслах зорилгоор Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ-ыг байгуулсан юм.
Тус холбооноос “Гурван голоо цэвэрлэхэд 300 саяыг зориулъя”, “Та дэмж бид цэвэрлэе” кампанит ажлууд, хүүхэд залуусыг хамарсан спортын уралдаан тэмцээн, асрамжийн цэцэрлэг сургуульд хандив өргөх, түүнчлэн Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтарч дайнд нэрвэгдсэн Сирийн ядарсан хүүхдүүдэд бэлэг, хандив цуглуулах зэрэг нийгэмд тустай, хүмүүнлэгийн олон ажлыг санаачлан зохион байгуулжээ.
Тухайлбал, 2004 онд АНУ-ын Мерси Кор ТББ-тай хамтран Туул, Сэлбэ, Дунд голын эрэг орчмын газрыг хог хаягдлаас цэвэрлэх “Гурван голоо цэвэрлэхэд 300 сая төгрөг зарцуулъя” аянг зохион байгуулснаар гол усны бохирдлын асуудлыг олон нийтийн анхааралд хүргэж, үүнээс хойш олон компани нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчноо цэвэр байлгахад чиглэж ажиллах болсон юм.
Ч.Ганхуяг өөрийн биеэр үлгэрлэн оролцож, гурван жил дараалан гурван голынхоо сав газрыг цэвэрлэхийг уриалж, иргэдтэйгээ хамт хог түүж, ачуулсан энэхүү кампанит ажилд 1,000 орчим иргэн сайн дураараа оролцжээ. Сонирхуулахад, энэхүү аянд зориулж тэрбээр гурван чингэлэг NIKE брэндийн пүүз оруулж ирсэн бөгөөд есөн шуудай хог түүсэн хүнд нэг пүүз бэлэглэхэд иргэд машид урамшин байгаль орчноо богино хугацаанд цэмцийлгэсэн юм.