ХасБанк
2001 - 2009 он
Чулууны Ганхуяг 28-хан насандаа ХасБанкийг үүсгэн байгуулж, 2001-2009 он хүртэл Гүйцэтгэх захирлаар ажиллахдаа тус банкны үйл ажиллагаанд дэлхийн стандарт, загваруудыг нэвтрүүлэн, Монгол Улсын бичил санхүүгийн салбарыг түүчээлж чадсанаараа ХАС-ын Ганхуяг нэрээр олонд танигдсан юм.
Монголын хамгийн анхны, хамгийн том хоёр ББСБ-ын нэгдэл дээр суурилан өсч торниж эрийн цээнд хүрсэн ХасБанк бол Монголдоо ББСБ-аас банк болсон цорын ганц тохиолдол билээ. Дэлхий дээр Камбожийн Акледа банк, Кенийн КРеп банк гэх мэт хуруу дарам цөөхөн банк ийм замаар үүсгэн байгуулагдсан байдаг. Түүнчлэн, дэлхийн жишгээр, банк байгуулахад дор хаяж 10 болон түүнээс дээш жилийн хугацаа шаардагддаг бол ХасБанкийг ердөө гуравхан жилийн дотор байгуулж, долоон жилийн дотор бүх аймаг, хөдөө орон нутагт салбаруудаа нээж чадсан нь бахархууштай.
Ч.Ганхуягийг удирдаж байх үед ХасБанкны гадаад харилцаа эрчимтэйгээр өргөжин тэлж, 2005 онд Голландын Триодос банк, Америкийн Шооркэп Интернэшнл, Майк-роВест банкууд тус банкны хувь нийлүүлэгч болж, Монголын арилжааны банкны зах зээлд 2009 онд хамгийн анх Европын сэргээн босголтын банкны анхны түнш байгууллагаар сонгогдож байсан юм.
ХасБанк олон улсын үнэлгээний байгууллага Planet Rating болон Moody's Investors Service-ээp рейтингээ тогтоолгож, өндөр үнэлгээ авч байсан Монголын анхны банк санхүүгийн байгууллага билээ. Мөн Дэлхийн Банкны дэргэдэх Ядууст Туслах Зөвлөлдөх Бүлгээс Санхүүгийн ил тод байдлын шагналыг гурван жил дараалан хүртэж, Монголбанкнаас арилжааны банкуудын үйл ажиллагаанд хийдэг иж бүрэн шалгалтаар хамгийн өндөр үнэлгээг авч, МХАҮТ-аас тус банкийг Сайн засаглалтай хамт олноор тодруулж байв.
2005 оны 11 дүгээр сард НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Бичил санхүү, жижиг, дунд бизнесийг дэмжих жилийн Үндэсний зохицуулах хорооноос хамтран зохион байгуулсан "Дэлхийн бичил бизнес эрхлэгчдийн шагнал"-ын эзэн тодруулах арга хэмжээний үеэр ХасБанкны "Хөгжлийн хөтөч" франчайзын үйлчилгээ "Бичил санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн"-ээр шалгарсан юм. Түүнчлэн 2007 онд тус банк Олон улсын банк санхүүгийн судалгаа шинжилгээний байгууллагаас “Олон улсад нэр хүндтэй байгууллага”-аар шалгарч байлаа. Энэчлэн тоочоод байвал Монголдоо төдийгүй олон улсад өндрөөр үнэлэгдсэн ХасБанкны амжилтын түүх дуусашгүй...
Эцэст нь дурдахад, бичил санхүүгийн бүтээгдэхүүн, төслийн байгууллагаас арилжааны банк байгуулж чадсан Ч.Ганхуягийн туршлагыг үнэлж Дэлхийн банк, Босни-Герцоговин, Боливи, Киргизстан, ХБНГУ-ын Банкны Академиас зохион байгуулдаг олон улсын хэмжээний хурал семинарт байнга урьж лекц уншуулж, зөвлөгөө авсаар ирсэн юм. Тэрбээр Дэлхийн банкны ерөнхийлөгч Р.Золик, ХБНГУ-ын канцлер А.Меркель, Сименс корпорацийн салбарын Гүйцэтгэх захирал Х.Хайсан, Германы төв банкны Ерөнхийлөгч А.Вебер зэрэг нэр нөлөө бүхий хүмүүстэй эн зэрэгцэн илтгэл тавьдаг, эдийн засаг, банк санхүүгийн салбарт дэлхийн хэмжээний бодлого боловсруулагчдын хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцдог цөөхөн банкирын нэг билээ.